Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд тохиож буй Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болох Австрали Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ онд байгуулсан Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг талууд сайшаан тэмдэглэж, ирэх он жилүүдэд уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлэн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа онцлов.
Элчин сайд К.Смит Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )