2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг I” төсөл Монгол улсын Засгын газрын Хэрэг Эрхлэх газрын дэргэд амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан хоёр дахь төсөл болох “Ухаалаг засаг II” - н талаар Дэлхийн банк болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам санал солилцлоо.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй цахим үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулагдахаар төлөвлөж байна.
Төсөл хэрэгжсэнээр төрийн бүх шатны байгууллага дотроо, өөр хоорондоо, төрийн байгууллагаас иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах орчин нөхцөлийг бүрдүүлэн хэвшүүлж, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна төрийн цахим үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, аюулгүй байдлыг сайжруулж, үүлэн тооцооллын нэгдсэн систем ашигласнаар төсвийн хэмнэлт хийх ач холбогдолтой.
Мөн 10,000 иргэн, 3,000 төрийн албан хаагчийн дижитал ур чадварыг нэмэгдүүлснээр дижитал шилжилтийг хурдасгахад эерэг үр дүн гарна гэж тооцож байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Сэтгэгдэл ( 0 )