-Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийг цагаатгаагүй ба түүнд холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болжээ-
Анх АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
Түүнд холбогдох хэрэг хэдэн жил дамнагдан гурван шатны шүүхээр хянагдсан ч эцэстээ хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.
Хамгийн сүүүлд, өнгөрсөн оны долдугаар сард Улсын Дээд шүүхээс С.Баярцогтод холбогдох хэргийг "задалж", нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаасан ч өнгөрсөн долдугаар сард хаагджээ.
Хэрэг нь хаагдаж, хэрэгсэхгүй болсон болохоос шүүхээс С.Баярцогтыг цагаатгах ямар нэгэн шийдвэр гараагүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
С.БАЯРЦОГТОД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙСНЫГ ХҮРГЭЖ БАЙНА
1. 2020.07.17 өдөр, АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогтыг гэм буруутайд тооцсон. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноож нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд асан С.Баярцогтыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрээ нуун дарагдуулж мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцсон байдаг.
2. 2020.12.03 өдөр, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг нь өөрчилсөн байдаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгожээ. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, анхан шатны шүүхээс оноосон 10 жилийн ялыг 4 жил 8 сар болгон өөрчилсөн билээ.
3. 2021.05.19 өдөр, ДЭЭД ШҮҮХ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
4. 2021.07.19 өдөр, ДЭЭД ШҮҮХ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон 18.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Хэргийг прокурорт очтол С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Хууль зарим хүнд яагаад хөнгөн үйлчилээд бнаа жирийн иргэд хохирч бна адилхан л баймаар бна бүх хэрэгтээ өршөөлийн хууль үзүүлээ
Хөх тэнгэр удахгүй та нарыг ниргэнэээ
хулгайч баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгч прокурорын нэрийг ил болго!
Энэ хулгайчыг шүүх хэрэгтэй шүү