ӨМНӨГОВЬ: Хилийн цэргийн 0131-р анги ЕБС-д "Хилчин" танхим нээлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Хилийн цэргийн 0131 дүгээр анги Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуульд "Хилчин" танхим шинээр нээж, тохижууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 200 дугаар тогтоол Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Даланзадгад сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Дэвшилтэт хотын оюунлаг залуус" хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр нийт 8 сая төгрөгийн өртгөөр 5 дугаар сургуулийн түүх нийгмийн кабинетыг "Хилчин" танхим болгон тохижуулж, нээлтээ хийлээ.

Уг танхимыг нар зөв тойроход нэн эртний үеэс чөлөөлөх дайны үе хүртэлх цэрэг дайны түүх болон орчин цагийн Хил хамгаалах байгууллага, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн түүхтэй танилцаад гарах боломжтой.

Түүнчлэн хилийн цэргийн анги, салбар, харуул, боомт, хилийн шугам, багана тэмдэг, зам гүүр байгууламжийг бодитоор харуулсан макет хийж байрлуулсан нь хил, хилчдийн алба үйл ажиллагааны талаар хүүхдүүдэд бодит ойлголтыг өгч байна. Танхимын гол онцлог нь "Виртуал" орчинг бүрдүүлж чадсан явдал юм. Хүссэн орчин, үйл явдал, цаг хугацааг бидний өмнө авчрах технологийн дэвшлийг нэвтрүүлсэн ба төрөл бүрийн контент бүтээн илүү төгөлдөржүүлэн ажиллахаар зорьж байна.

Хилчдийн өдрийг тохиолдуулан Данзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, политехник коллежийн төгсөх ангийн сурагч, оюутнуудыг хуваарь гарган тус танхимтай танилцуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top