~"Тоонот" рекордсын хайрын дууч O.Z манай сайтын "Артист" булангийн ээлжит зочноор уригдлаа. Нүдэнд дулаахан төрх болон хит болсон хайрын дуунуудаараа сонсогчдод хэзээний танил болсон түүний уран бүтээл болон хувь хүний талаар дэлгэрэнгүй ярилцлаа~
-Сайн байна уу O.Z. Юуны өмнө анхны бие даасан цомгоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе?
-Баярлалаа.
-Манай сайтын уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Zindaa.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Энхтүвшингийн Золбоо гэдэг. O.Z нэрээр уран бүтээл гаргадаг залуу байна.
-Хамгийн анх хэрхэн дуутай холбогдсон бэ. Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Арван жилд байхдаа ангийнхантайгаа нийлээд хамтлаг байгуулаад хамгийн анх дуулж эхэлсэн. Хоолой бичүүлэх үйл явц, процесс тухайн үед маш сонирхолтой санагдсан. Тэр цагаас л дуунд донтсон гэх үү дээ. Нэлээн хэдэн дуу зохиож, түүнийгээ өөрсдөө л сонсдог байлаа.
-“Тоонот” рекордстой анх хэрхэн холбогдож байв. Анхдагчдын нэг шүү дээ?
-2017 онд одоогийн “Тоонот”-ын захирал Дээгий гээд найзтайгаа “Dual Zet” студид танилцаж байсан юм. Дээгий маань саунд инженер хийдэг байсан юм л даа. Тухайн үед Desant бас дуугаа Дээгий дээр бичүүлдэг байсан. Удалгүй Дээгий маань студиэ тусгаарлаад лебел нээх санаачлага гаргаад бид “Тоонот” рекордсоо үүсгэн байгуулж байсан.
ДУУЛНА ГЭДЭГТЭЭ АНХ ТИЙМ Ч ИТГЭЛТЭЙ БАЙГААГҮЙ
-O.Z нэрийг анх хэн, хэрхэн өгч байсан бэ?
-Анх “Тоонот”-ыг байгуулж байх үед Desant-тай хамт “Brand New” гэдэг дуу гаргаж байсан юм. Клипний зураг дууссаны дараа Desant “чи реппэр нэртэй байвал яаж байна” гэх санал гаргасан. Тэгээд нэрнийхээ эхний хоёр үсгийн байрыг солиод O.Z гэдэг нэртэй болъё гэж бодсон. Түүн дээр Desant "Trip" гэдэг үгийг нэмээд O.Z Trip гэдэг уран бүтээлийн нэртэй болж байсан. Энэ дуу хамтлагаараа биш сологоор гарч ирсэн анхны маань дуу байсан юм.
-“Fall in love” гарсан даруйдаа хит болсон шүү дээ. Дуугаа гаргахдаа ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Дуу цацагдсаны дараа хүмүүст их хүрсэн. Тэгээд энэ миний хийх ёстой зүйл юм болов уу гэж бодсон. Тэрнээс өмнө өөрийгөө дуулна гэдэгт тийм ч итгэлтэй биш байсан л даа. Төсөөлснөөс их хүмүүст хүрсэн дуу. Хөл хорионы үеэр гэртээ байсан хугацаанд бүтсэн дуу байгаа юм. Ер нь цомгийн дуунуудын ихэнх нь хөл хорионы үеэр бүтсэн. Тест хэлбэрээр гаргасан дуу маань хүмүүст хүрч, цаашид ажиллах урам өгсөн.
ДОТОР МИНЬ ХОЁР ХҮН БАЙДАГ ЮМ ШИГ ХОЁР НЭРТЭЙ
-Хип хоп болон поп дууны үг бичих явцын аль нь илүү хэцүү байдаг вэ?
-Миний хувьд хип хоп дуунд райм бичих үед нэг утга санааг гаргахыг зорьдог. Нэг ёсондоо хүссэнээрээ бичих боломжтой гэсэн үг. Харин поп дууны үг бичихэд жаахан хязгаарлагдмал байдаг. Нэг мөрөнд цөөн үг багтдаг. Цөөхөн үгээр нэг зүйлийг ойлгомжтой гаргахын тулд илүү их хугацаа шаарддаг. Хүмүүс сонсоод гоё мэдрэмж аваасай л гэж хүсэж бичдэг дээ.
-O.Z Trip гэсэн нэрээ жанраа өөрчилж байгаатай холбоотой өөрчилсөн үү?
-Тийм ээ. Өмнө нь хип хоп дуулдаг байхдаа O.Z Trip байсан. Одоо илүү зөөлөн, хайрын тухай поп маягийн дуунууд дуулж байгаа учраас нэрээ арай зөөлрүүлээд O.Z болгосон. Дотор минь хоёр хүн байдаг юм шиг л хоёр нэртэй. O.Z Trip нэрээрээ “Volume 3” цомог хүртэл явсан.
-Цаашид дуулах төрөл жанраа солих бодол бий юу?
-Солино гэж бодож байгаа. Айхтар хол, тэс өөр стилиэр дуулахгүй ч гэсэн хөгжим, найруулга, бийт зэргээ одооныхоосоо өөрчилнө гэж бодож байгаа. Дууны сэдвүүдээ ч мөн өөрчилнө. Дараагийн цомогтоо оруулахаар бэлдсэн өөр төрлөөр гаргасан хоёр дуу одоогоор гаргасан байна.
- Хамгийн хурдан болон хамгийн удаан хийж байсан дуунууд нь ямар дуунууд байдаг вэ?
-“Чам руу” дууг хамгийн удаан нухсан. Хэд хэдэн удаа үг, бадгийг нь сольсон. Аяыг нь ч мөн сольсон. Хоёр долоо хоног болсон байх. Хамгийн хурдан нь “Fall in love” байх шүү. Дууны үг болон ая хурдан гардаг бол хөгжмийн найруулга илүү их цаг авдаг. Хамгийн хурдандаа 24 цаг, хоёр өдөр орчим болдог.
АМЬДРАЛАА ДУУ, ХӨГЖИМГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХ АРГА БАЙХГҮЙ
-Дуу, хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж байв уу?
-Хүний амьдралыг дуу, хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж боддог. Ямар ч зүйлийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх л дээ. Баяр баясал, зовлон гуниг гээд л бүхий л үед дуу хөгжим байж л байдаг.
-Хамтлаг дуучдад зохиож өгсөн дуугаа тоолж үзэж байв уу?
-2013-2017 оны хооронд дан хамтлаг дуучдад дуу зохиож өгсөн. Монголд гэхээсээ илүү Өвөрмонголчуудтай түлхүү хамтарч ажилладаг байсан. Яг гардаг байсан үгүйг сайн мэдэхгүй байгаа болохоор хараахан бүгдийг нь тоолж чадахгүй байна.
ҮҮНИЙГ АНХ УДААГАА Л ЯРЬЖ БАЙНА...
-Хип хоп болон поп дууны ялгааг нь хэрхэн мэдэрч байна?
-Өмнө нь хийж байсан реп дуунууд маань надад 100 хувь таалагддаггүй байсан гэх үү дээ. Мянга сайн үг бичээд, сайн үглэдэг байлаа гээд хип хопт хол явна гэсэн үг биш л дээ. Хоолойн тембр гэж зүйл бас чухал байдаг. Үглэх үеийн минь хоолойн тембр надад нэг л биш санагдаад байдаг байсан юм. Энийг анх удаагаа л ярьж байна. Өмнө нь поп хамтлаг дуучдын явуулсан аян дээр үг бичиж өгдөг байсан. Тэр үед аяыг нь өөрчилчихмөөр ч юм шиг санагдаад байдаг байлаа. Тэгээд би өөрөө ая зохиогоод үгийг нь бичээд дуулаад үзвэл ямар байх бол гэсэн бодол төрсөн. Хамгийн анх поп чиглэлээр гаргасан дуу маань “Fall in love”. Үүнээс өмнө дандаа хүмүүстэй хамтарсан дуу гаргаж байсан.
-21 аймгаар аялан тоглолт хийгээд ирсэн шүү дээ. Сэтгэгдэл хэр байна вэ? Үзэгчид хэрхэн хүлээж авч байна?
-Хамгийн гоё цаг хугацаа байсан. Бид сар гаран 21 аймгаараа аялсан. Инээд наргиан, адал явдал сарын турш үргэлжилнэ гэдэг ховор зүйл шүү дээ. Тийм үнэ цэнтэй цаг хугацааг найзууд, ах эгч, дүү нартайгаа өнгөрүүлсэндээ баяртай байдаг.
Монгол Улсаараа бахархах сэтгэл мөн төрсөн. Аймаг бүрийн хүмүүс, уур амьсгал өөр байдаг юм билээ. Яг адилхан Монгол хүмүүс ч гэлээ аймаг бүрт өвөрмөц өв соёл байдаг нь харагдсан. Хүмүүсийнх нь зан араншин хүртэл өөр. Зүүн тийшээ, говийн аймгийн хүмүүс маш зөөлөн, тайван хүмүүс байсан. Баруун тал руугаа харьцангуй эмоци ихтэй гэх мэтчилэн зүйлс анзаарагдаж байсан. Бүгд сайхнаар хүлээж авсанд баяртай байгаа.
ДУУ ДУРСАМЖ ӨГҮҮЛДЭГ
-Дуу үргэлж дурсамж дагуулж байдаг шүү дээ. Өөрийн тань гаргасан дуутай холбоотой дурсамжаа хүмүүс хэр их хуваалцдаг вэ?
-“Fall in Love” дуун дээр тиймэрхүү сэтгэгдэл их ирдэг. Клипэн дээр автобусны буудал дээрх дурлалын тухай гардаг шүү дээ. Яг тэр дууны клипэн дээрх шиг танилцаж байсан хосын эрэгтэй нь эмэгтэйдээ гэрлэх санал тавих үедээ намайг хамт байхыг хүссэн. Хоёулханаа сууж байхад нь гарч ирээд тэр дуугаа дуулж өгөөд залуу нь гэрлэх санал тавьж байсан юм. Тэр маш гоё санагддаг.
-O.Z амьдрал дээрээ дуунаасаа хэр өөр хүн бэ. Хайрын дуу их дуулдаг болохоор хүмүүс их романтик залуу гэж төсөөлдөг байх?
-Өөртөө огт байхгүй, хол зүйл дуун дээрээ бичиж байсан тохиолдол зөндөө л дөө. Төсөөллийн зүйлс их бий. Хүмүүс романтик уу гэх асуулт их асуудаг. Миний хувьд хэтийдсэн романтик байх онцгүй юм шиг санагддаг. Хэзээ хаана гэдгээ сайн бодолцож, тохирсон цагтаа сюрприз барих нь зөв байх. Өдөр болгон романтиклаад байх нь цаад хүндээ ч хэцүү юм шиг санагддаг.
ЦОМГИЙН НЭЭЛТИЙН СЮРПРИЗЭЭС...
-Цомгийн тухай яриа руу оръё. “Чам руу” дууны нэрээр нэрлэгдсэн байхыг бодоход ихэвчлэн хайрын дуунуудаас бүрдсэн цомог бололтой?
-Тийм ээ. Нэг жанрын дуунууд багтсан маш зөөлөн төрлийн цомог болсон. Ийш тийшээ үсрээд гэнэт хип хоп холилдохгүй. Ерөнхийдөө R&B, поп урсгалын цомог болсон байгаа.
-Цомогт хэчнээн дуу багтсан байгаа вэ?
-Хөл хорионы үеэр олон дуу бичсэн. Нэг нэгээр нь бичүүлсээр байгаад цомог гаргах хэмжээнд хүрсэн. Цомог маань түрүү жил гарчихсан байсан л даа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлтнээс гарсан. Үүний дараа бид 21 аймгаар аялан тоглолт хийхээр болсон учраас цомгийн нээлтээ хойшлуулсан. Цомог маань 15 дуутайгаар гарч байгаа. 9 нь огт цацагдаагүй шинэ дуу.
-Одоогоор хамгийн дуртай дуу тань аль дуу тань байна вэ?
-Цомогт багтсан “I’m The One” дуугаа одоогоор хайрлаад л байж байна даа.
-Нээлтэд хүрэлцэн ирэх фенүүддээ зориулан бэлдсэн зүйлсээсээ хэлж болох болов уу?
-Цомогт орсон, цацагдаагүй дуунуудаасаа дуулна. Сая 21х21 төслийн хүрээнд “Тоонот”-ын артистуудаараа дуулсан бол энэ удаад цомгийн нээлтэн дээрээ зочин артистууд урьж оролцуулна. Реппэр Цэцэ, “Gangbay” хамтлаг, дуучин Алунгоо болон Taijin гээд залуу артист хүрэлцэн ирнэ. Мөн өөр зочин артистууд ирэх төлөвлөгөөтэй байна.
ОРОО ТАЙЗ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨД Л ДУУЛДАГ БАЙЛАА
-Цаашид төлөвлөж буй томоохон ажлууд юу байна вэ?
-Миний хувьд цомогт орсон дуунуудаа бүгдийг нь дүрсжүүлэх бодолтой байгаа. Мэдээж тоглолт хийхийг зорьж байна. “Тоонот”-ын хувьд Монгол орноо тойрсон “21x21” аялан тоглолтоо хийсэн. Үргэлжлүүлээд “World tour”-ээ хийхээр зорьж ажиллаж байна. Хамгийн эхний улс маань Солонгос улс байх болно.
-O.Z багадаа ямар хүүхэд байсан бэ. Урлагийн хүн болно гэж бодож байв уу?
-Багадаа урлагт дуртай хүүхэд байсан. Орон дээрээ гараад л тайз гэж төсөөлөөд ах, дүү, хамаатнуудаа цуглуулаад л дуулаад байж байдаг байлаа. Яг дуучин болъё гэж бол бодож байгаагүй. Тэгж тоглодог байсан нь дотор хүн нь тэгж боддог байсны илрэл байх л даа.
-Өмнө нь өөр мэргэжлээр ажиллаж байсан уу?
-Би Солонгос улсад Олон улсын худалдааны менежментээр суралцаж төгссөн. Ирээд жил гаруйн хугацаанд нэг компанид ажиллаж үзсэн. Цаг наранд баригдсан ажилд жаахан тааруу хүн юм байна гэж өөрийгөө бодсон л доо. Тэгээд л дахиад дуугаа хийж эхэлсэн.
-Продюсер хийх хэцүү юу, эсвэл дуулах хэцүү юу?
-Миний хувьд продюсер хийх нь илүү хэцүү. Өөрөө дуулах гэж байгаа дуундаа бол өөрийнхөө хүссэн зүйлсийг шингээгээд хийж болдог. Өөр хүнд хийж өгч байгаа дуун дээр давхар тэр хүнийг бодох, ойлгох, хүслийг нь сонсох шаардлага гардаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Цомгийн нээлтэд болон цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье. Цомгийн нээлт 09-р сарын 23-ны баасан гарагт "Зайсан хилл" цогцолборт байрлах "Zterra" терраст болно. Хүрэлцэн ирсэн 300 хүнд цомгоо бэлэглэх бодолтой байна. Намайг сонсдог, дэмждэг бүх хүмүүсийг хүрэлцэн ирж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дуунууд минь ???хүнд дурсамж??? хөнгөн дурсамж??? үлдээгээсэй гэж хүсдэг Хүний сэтгэлд дуунууд минь сайхан дурсамж үлдээгээсэй гэж хүсдэг