Оюутнуудын дүнг нэмж, мөнгө авсан багш гэм буруугаа хүлээжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Иргэн н.Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “Мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж, нийт 700.000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг улсын орлогын дансанд тушаажээ. 

Оюутнуудын өгсөн мэдүүлэгтээ “Багш хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж, мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөг өгсөн” талаар дурджээ. 

Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна. 

Багш н.Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top