Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны өдөр болсон билээ.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Орос, Монгол хоёр орны хамтын ажиллагаа хүчтэй түлхэц болж, тогтвортой байгааг онцлоод “Цар тахлын нөлөөг үл харгалзан гурван талт хамтын ажиллагаа хэзээ ч тасраагүй тул ололт амжилтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Гурван улс цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, бие биедээ эмнэлгийн хэрэгслийг аль болох эрт илгээж, халдварын эсрэг туршлагаа хуваалцаж, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамтдаа хамгааллаа. Бид хамтын ажиллагааныхаа эрч хүчийг хадгалахын тулд онлайнаар ярилцаж, ард түмнийхээ зүрх сэтгэлийг улам ойртуулсан. Эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, жигд байлгах үүднээс хилийн бүс нутгуудад цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллав. Гурван улсыг холбосон Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээврийг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарсан” гэв. Түүнчлэн Хятад, Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх дөрвөн зүйл бүхий санал дэвшүүлжээ.
Нэгдүгээрт, Гурван талын хамтын ажиллагааг зөв гольдролд нь байлгах. Улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэж, зохицуулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухлыг онцоллоо.
Хоёрдугаарт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа сайжруулж, эрсдэл, сорилтыг эсэргүүцэх хамтын ажиллагааны платформ, хөгжлийн нөөц бололцоог нээхэд тус дөхөм болох өсөлтийн тавцанг хамтдаа бий болгоно.
Гуравдугаарт, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах талаар нэгдсэн ойлголтод хүрч, хөрш бүс нутгуудын эдийн засаг худалдаа, иргэдийн солилцоо, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх.
Дөрөвдүгээрт, гурван талт хамтын ажиллагаанд илүү их үр дүнд хүрэхийн төлөө ажиллаж, харилцан худалдаанд дотоодын мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог өргөжүүлэхийг дэмжинэ. Орос, Монголын санхүүгийн байгууллагууд бүс нутагтаа санхүүгийн аюулгүй байдлын бат бэх тулгуурыг бий болгохын тулд юанийн хил дамнасан банк хоорондын төлбөрийн системд нэгдэхийг уриалжээ.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )