ЦЕГ: Хар тамхитай холбоотой 10 гэмт хэрэг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 12 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлж, мансууруулах үйлчилгээтэй ургамал 8.2 кг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хэрэгт холбогдогч этгээдүүд байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсан үйлдлүүдийг ийнхүү илрүүлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож ажиллажээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. Харин “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-оос 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top