"Цөмөөхэй" бүжгэн жүжгийн өдөрлөг боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

П.И Чайковскийг "Цөмөөхэй" балетыг Монголын балетын хөгжил сангаас ес дэх жилдээ тайзнаа тавих гэж байна. 

Өнгөрсөн бямба гаригт (2022.09.24) "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн өдөрлөг болж, бяцхан бүжигчид дүртэйгээ танилцан, хөгжөөнт тоглоом тоглож, гар зургийн уралдаанд оролцлоо. 
 


Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн дэглэж буй тоглолтод оролцох бяцхан бүжигчдийн дүрийн сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болж, эрэлхэг модон цэрэг, хулгана, хурга, сахиусан тэнгэр зэрэг дүрүүдээр ирэх арванхоёрдугаар сард тайзнаа уулзах нэрс тодроод байгаа юм. 

Сонирхуулахад, "Цөмөөхэй-2022" тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг өөрөө оролцохоор болсон байна. Бүжгэн жүжигт нийт 150 гаруй хүүхдүүд дүр бүтээнэ. 

"Цөмөөхэй" бүжгэн жүжгийн тухай

Германы зохиолч Е.Т.А.Хоффман анх 1815 онд "Цөмөөхэй" нэртэй үлгэр зохиожээ. "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Дон Кихот" гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн, 1892 онд "Цөмөөхэй" балетыг бичсэн байна. "Цөмөөхэй" балетыг Орос, Монгол, АНУ болон Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог уламжлалтай. Тус балетыг хамгийн анх амилуулсан уран бүтээлчид нь Оросын "Маринский" театрынхан юм. 

Монгол Улс анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа "Цөмөөхэй" балетыг толилуулж байжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 26

сургуулийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлэх хэрэгтэй дээ харин санхүүжилтийг даах газар олох л хэрэгтэй дээ банкууд дэмжих хэргэтэй дээ

0  |  0
Top