Өвлийн олимп Азид гурав дахь удаагаа “айлчлах”-аар болов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Олон улсын олимпийн хорооны 123 дахь удаагийн хурлаар 2018 оны өвлийн 23 олимпийг зохион байгуулах эрхийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод олголоо. Энэхүү онцгой эрхийн төлөө Пёнчанаас гадна Германы Мюнхен, Францын Анси хотууд өрсөлдсөн юм. Пёнчан өмнө нь 2010 болон 2014 оны өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн боловч Канадын Ванкуверт гурван саналаар, ОХУ-ын Сочи хотод дөрвөн саналаар ялагдаж байв. Харин гурав дахь удаагийнхаа дайралтаар нийт 63 саналаар илүүрхсэнээр олимпийн наадмыг нутагтаа зохиох эрхтэй болсон нь энэ. БНСУ өмнө нь зуны олимп зохион байгуулж байсан. Харин түүхэндээ анх удаа өвлийн олимп хүлээн авах болж байна. Өвлийн спортыг их баяр наадмын төлөвлөгөө ёсоор 2018 оны хоёрдугаар сарын 9-нд эхэлнэ. Олимпийн тэмцээн, уралдаанууд нийт 13 цэнгэлдэх, талбайд болохоос зургааг нь ирэх долоон жилийн хугацаанд барьж, байгуулах аж. Ийнхүү Ази тивд өвлийн олимпийг гурав дахь удаагаа зохион байгуулах нь тодорхой болов. Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон чуулга уулзалтад Пёнчаны төлөөлөлд БНСУ-ын ерөнхийлөгч И Мүн Бак, олимпийн уран гулгагч Ким Юү На, Ганвон мужийн захирагч асан Ким Жин–Сүн нар багтжээ. Сонирхуулахад, 1972 онд Японы Саппоро,1998 онд Нагонод өвлийн олимп зохиож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top