Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй УОК-т холбогдох хэргийн хурлыг хойшлуулав

2022 оны 09 сарын 28

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Хэргийг товч сануулбал, Улсын онцгой комиссын тусгаарлалтын хоногийг 21 хоног болгож сунгасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмгөөллийн "Фиделитас Партнерс ХХН"-ийн гишүүн өмгөөлөгч Б.Баялагмаа иргэний хувиар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан байдаг. Улмаар шүүх хуралдаан өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр болж “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байдаг.

Харин "Фиделитас Партнерс ХХН"-ийн зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж  1. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн 2. шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйгээс гадна, шүүгч хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэн, өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдөр давж заалдах гомдлыг Монгол Улсын Дээд шүүхэд гаргасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top