Монгол Улс хоёр дахь зах зээлээс эх үүсвэрээ татаж ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ олгодог

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Ипотекийн зээлийг олгодог гурван хэлбэр байдаг бөгөөд Монгол Улсын хувьд хоёр дахь зах зээлээс эх үүсвэрийг нь татах хэлбэрээр зээл олгодог. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдоос тодрууллаа.

Тэрбээр "Дэлхийд ипотекийн зээлийг олгодог гурван хэлбэр, тогтолцоо байдаг. Нэгт, арилжааны банкууд эх үүсвэрийг зээл болгож өгөхөд Засгийн газар нь хүүг нь төлөх тогтолцоо. Хоёрт, харьцангуй эдийн засаг нь тогтворжчихсон улсууд иргэдээсээ татан төвлөрсөн хадгаламжийг ипотекийн зээл болгодог. Тэрийгээ хоёр дахь зах зээлд барьцаалсан хэлбэрээр гаргаад эх үүсвэрээ дахиж татдаг тогтолцоо юм. Гуравт, нийгмийн даатгал нь сайн хөгжчихсөн, баялагтай улс, орон хуримтлалаараа иргэдэд ипотекийн зээл олгох тогтолцоо байдаг. 

Монгол Улсын хувьд хоёр дахь зах зээл дээрээ эх үүсвэр татах тогтолцоо, системээр явдаг. Гэхдээ эдийн засаг болон Монголбанкны бодлогын хүүтэй уялдсан түвшин нь зургаан хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй. Тэгэхээр энэ асуудлыг эргүүлээд л төв банкныхаа эх үүсвэрээр худалдан авах зарчмаар хоёр дахь зах зээлд гаргаж ипотекийн зээлийн гаргадаг. Манай яамны хувьд гол нь яг ямар бүлгийн хүмүүст зээл олгохыг нь судалдаг. Энэхүү зээл нь тогтвортой явж байж барилгын салбараа дэмжсэн бүтээгдэхүүн гэдэг үүднээс зээлийг тогтвортой гаргуулах, цаашдаа ямар байх зэрэг таамаг дэвшүүлэх зэргээр оролцоод явдаг" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top