Цахим гүйлтийн “Running World Cup 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцож буй Монгол Улсын баг хагас шигшээ шатанд II байрт шалгарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ. Энэхүү 3 үе шаттай 9 дүгээр сарын 20-нээс 10 дугаар сарын 9-ны хооронд болж байгаа уг тэмцээнд 200 гаран улс оролцсон байна.
Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 1660 гаруй гүйгчид нэгдэж, хагас шигшээ шатанд нийт 9,336км замыг туулж хувь нэмрээ оруулжээ. Оролцож байгаа улс тус бүр нэг багийн ахлагчтай. Тухайлбал: Ямайка улсын багийн ахлагчаар Усайн Болт алдартай тамирчныг сонгосон юм байна.
“Running World Cup 2022” тэмцээний Монголын багийн ахлагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-ын БНСУ дахь төлөөлөгч Л. Ира сонгогджээ. Харин албан ёсны зохион байгуулагчаар MGL Running Channel ажиллаж байна. Улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" нэртэй баг бүрдүүлэн оролцож байгаа юм.
Тэмцээний сүүлийн шатанд Өмнөд Африк, Монгол, Намиби, Украйн улсууд шалгарч, энэ сарын 4-9 өдрүүдэд Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөх гэж байна. Тэмцээнд оролцоход үнэ төлбөргүй, 13 болон түүнээс дээш насны бүх хүнд нээлттэй. Гол шалгуур нь оролцогчид 3 км зайг 30 минутад багтаж туулна.
Энэ нь эхлэн гүйгчдэээс эхлээд ямар ч гүйгчийн хувьд боломжтой үзүүлэлт юм. Оролцогчид Running World Cup апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай, гүйх үедээ Strava, adidas Running, Health App, Google Fit, FitBit, Garmin, Under Armour, Pacer зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж, Монгол Улсын баг болох Team Mongolia Run As One Nation 1661 гишүүнтэй багт нэгдэнэ.
Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор дэлхийн бусад улстай зөвхөн гүйлтээр өрсөлдөхөөс гадна дэлхийд эх орноо гүйлтээр дамжуулан сурталчилж өөртөө эрүүл амьдралын хэвшлийг бий болгож буй чухал ач холбогдолтой хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид онцлож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт хүсэе Ира Шүрэрдэнэ хоёртоо мундаг шүү.