2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам болно.
Манай эх оронд анх удаа зохиогдох гэж буй энэхүү наадмын элч төлөөлөгчөөр спортын залуу зүтгэлтэн Х.Номинзулыг томиллоо.
Батламжийг “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж өгөв.
Х.Номинзул нь сүүлийн жилүүдэд спорт эвент зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр дагнан ажиллаж буй мэдлэг чадвартай залуу боловсон хүчин юм. Тэрбээр 2017-2018 онд Сөүлийн их сургуулийг спортын менежментийн магистраар дүүргэсэн бөгөөд 2021 оноос Швейцарын Лозанн хотноо Спортын шинжлэх ухаан, технологийн академид Спортын удирдлага, технологийн магистраар суралцаж байна.
Суралцах хугацаандаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооны World Tour, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Алмазан лигийн тэмцээнүүд, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн боловсролын хөтөлбөр, Volleyball World телевизийн шууд дамжуулалтын төсөл болон Сургуулиудын спорт холбооны Манлайлагч охид төсөл зэрэг олон арга хэмжээ, уралдаан тэмцээнд ажиллаж, туршлага хуримтлуулжээ.
Энэ үеэр Х.Номинзул “Наадмын элч төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Зүүн Азийн залуучуудын наадам бол Монголын спортын хөгжлийг хурдасгах маш том арга хэмжээ, хамгийн том мега төсөл. Энэхүү наадмын зохион байгуулалтын ажилд өөрийн бүх нөөц, бололцоог дайчлан зүтгэх болно” гэв.
Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд явагдах бөгөөд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 0 )