Монголын шүүгчдийн холбоо АНУ-ын төрийн департаментаас зохион байуулдаг “US Speaker” төсөлд оролцож шалгаран, тус хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлж эхэллээ. Тус холбоо энэ сарын 4-10-нд “Шүүгч олон нийттэй харилцах байдал, хандлагыг нээлттэй болгох нь” сэдэвт ярилцлага, сургалтад шүүгч нарыг хамруулсан. Энэ сургалтад АНУ-ын Давж заалдах шатны IV тойргийн шүүгч Жэймс Эндрюс Винн “Нээлттэй шүүх засаглал: Олон нийтийн харилцаа ба хандлага”, “Шүүгчид олон нийттэй харилцахад тулгамдаж буй сорилтууд”, “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ. Өнөөдөр “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлгийг "Blue Sky tower"-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны гадаад харилцаа хариуцсан ахлагч Ц.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-“US Speaker” хөтөлбөрөөр ямар зорилго дэвшүүлэв?
-Монголын шүүгчдийн холбоо сүүлийн жилүүдэд шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, шүүгчид болон шүүхийн нэр хүнд олон нийтийн дунд унаж байгаатай холбогдуулж зорилтот ажлуудыг дэвшүүлсний нэг нь “US Speaker” хөтөлбөр юм. Олон нийт, нийгмийн зүгээс сүүлийн үед шүүх байгууллагын нэр хүндэд халдаж, дайрч давшлах болсон. Үүний нэг шалтгаан нь магадгүй шүүгчид олон нийттэй нээлттэй харилцдаггүйтэй холбоотой болов уу. Мөн шүүх байгууллага олон нийтэд нээлттэй харилцаж чадахгүй байна уу гэсэн асуултууд байдаг. Энэ нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх вэ, харилцаа хандлагыг хэрхэн сайжруулах вэ. Олон нийтийн итгэлийг шүүх рүү хэрхэн чиглүүлэх вэ гэдэг чиглэлээр Монголын шүүгчид АНУ-ын шүүгчийн туршлагыг сонсох зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
-Хөтөлбөрийн үр дүнг юу гэж үзэж байна вэ?
-Хөтөлбөрийн үр дүнд шүүгч хүн ямар байх ёстой вэ. Ямар ёс суртахуунтай байх вэ. Олон нийттэй хэрхэн харилцах вэ. Энэ харилцаа нь хязгаарлагдмал байх ёсгүй, шүүгч хүн тодорхой хэмжээнд нээлттэй байх ёстой талаар лекцүүд сонслоо. Хэлэлцүүлгийн дүнд шүүгчид тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулна гэж үзэж байна.
-Ямар хүрээг хамруулав, шүүгчдийн оролцоог хэрхэн хангасан бэ?
-Сургалт, хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж байна. Онлайн болон танхимын хэлбэрээр явагдаж байгаа учраас хөдөө орон нутгаас болон, нийслэлийн дүүргийн шүүгчид хаанаас ч оролцох боломжоор хангасан. Өнөөдрийн /өчигдрийн/ сургалт, хэлэлцүүлэг нийтдээ 200 шүүгч оролцоод байна. “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэгт шүүгчдээс гадна хуулийн байгууллагын төлөөллүүд, хэвлэл, мэдээллийнхэн, төрийн болон төрийн бус байгууллагынхан, иргэд оролцох боломжтой.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )