Сөүл дэх ЭСЯ | Бусдын боломжийг хязгаарлахгүй, соёлтой аялахыг уриаллаа

2022 оны 10 сарын 15

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж эдийн засгийг сэргээх зорилгоор манай улсад ирэх солонгос жуулчдыг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулахаар шийдвэрлэсэн.

БНСУ-ын талаас “Ковид 19” цар тахлын улмаас 2020 оноос түр зогсоогоод байсан богино хугацааны С-3 ангиллын болон олон удаагийн Multiple визийг сэргээж 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай иргэдэд олгож эхлээд байна. Энэ шийдвэр гарснаар Солонгос Улсад аялах, эмчлүүлэх, гэр бүлдээ зочлох, худалдаа, үзэсгэлэнд оролцохоор ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Мөн БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчид Канвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хүртэл хоног визгүй зорчих журам хэрэгжихээр болсон.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр БНСУ-д визгүй зорчихдоо тус улсын нутаг дэвсгэрээс зөвшөөрсөн хугацаанд гараагүй хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт иргэдийн тооноос 5% давсан тохиолдол уг шийдвэр цуцлагдах тул манай иргэд бусдынхаа аялах боломжийг хязгаарлахгүй байхад анхаарч, тухайн улсын хууль дүрэм, журмыг зөрчихгүй, өндөр хариуцлагатай аялахыг уриалж байна!

БНСУ-ын Засгийн газрын дээрх шийдвэр нь цар тахлын нөхцөл байдлаас гадна манай иргэд хариуцлага алдах тохиолдолд цуцлагдах эрсдэлтэйг анхаарна уу.

КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top