“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулж Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. Тэрбээр тус амаржих газарт өнгөрсөн наймдугаар сараас аудитын шалгалт оруулсан, сая тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Дэд дарга, хуулийн зөвлөхийг нь ажлаас чөлөөлнө гэж мэдэгдлээ.
-“Өргөө” амаржих газрын захирлыг ажлаас чөлөөлсөн, шалгалт оруулсан асуудлаар тайлбар өгнө үү?
-“Өргөө” амаржих газрын даргын асуудал сүүлийн долоо хоног олон нийтийн сүлжээгээр шуугиан дуулиантай явж байна. Энэ бол зөвхөн шийдвэр, гэхдээ аравдугаар сарын 12-ны өдөр гарсан юм биш. Шалгалтын явц өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Яамны хяналт, үнэлгээ, дотоод аудитаас шалгалт оруулсан юм. Эндээс есөн зөвлөмж гарсан. Үүнийг биелүүлэх чиглэл өгсөн. Есдүгээр сарын 20-ны өдөр хяналт, үнэлгээ, дотоод аудитын газраас мэргэжилтнүүд очиж, биелэлттэй нь танилцсан. Гэтэл есөн зөвлөмжөөс нэгийг л биелүүлсэн, бусад нь хангалтгүй гарсан. Мөн дээрээс нь ажилчдаас ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Үүний мөрөөр Ажлын хэсэг гарч ажилласан. Ажилчидтай уулзсан, мөн судалгаа авсан. Үүний дүнд ёс зүйн 14 заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээрийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын хувьд энэ сарын 12-нд ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан юм.
-Бусад хүмүүст хариуцлага тооцох уу?
-Өнөөдөр “Өргөө” амаржих газрын даргаар “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилоод байна. Цаашид энэ ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийх хүртэл тэнд ажиллах юм. Мэдээж дэд захирлаар цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг авч ажиллуулсан. Мөн хуулийн зөвлөх нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн байгаа. Эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлнө. Түүнчлэн нэгдүгээр төрөхийн тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцоод явж байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно.
-Тэр хүмүүсийг ямар үндэслэлээр анх ажилд томилсон юм бол?
-Яг үндэслэл нь гэвэл тухайн байгууллагын дарга өөрөө тэр хүмүүсийг томилох эрхтэй. Эрүүл мэндийн сайд бол тухайн байгууллагын даргыг л томилдог. Байгууллагын дарга нь дэд захирал, зөвлөхөө сонгон шалгаруулалт зарлаад өөрөө томилдог. Гэхдээ цагдаагийн алба хаагч эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн ажлын байрны тодорхойлолт байдаггүй. Дэд захирлын хувьд бол төлөвлөлт хариуцдаг. Гүйцэтгэлээр цалинжиж байгаа үед эрүүл мэндийн эдийн засгийн суурьтай хүн байх ёстой. Дээрээс нь эрүүл мэндийн боловсрол эзэмшсэн хүн томилогдох ёстой.
-Та сая ёс зүйн алдаа гэж ярилаа. Тэгвэл Ж.Энхцэцэг захирал ёс зүйн алдаа гаргаагүй, иймээс шүүхэд хандана гэж мэдэгдсэн. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Ажилтнаа загнаад, дороо дэвхцээд байгаа чинь энэ хүний ёс зүйгүй байгаагийн нэг илрэл. Эрүүл мэндийн яамны харьяанд яагаад гурван төрөх эмнэлгийг авсан бэ гэвэл “Өргөө амаржих газартай холбоотой асуудлууд байсан. Мөн “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан. ЭМЯ-ны харьяанд гурван төрөх эмнэлгийг авсан нь босоо удирдлагатай болгож, үйл ажиллагааг сайжруулж, алдаа дутагдлыг арилгах зорилготой. Ж.Энхцэцэг яамны харьяанд ирээд зургаан сар болсон. Энэ хугацаанд ажилчдаас нь ёс зүйгүй үйлдлүүд олон удаа гарсан. Ажилчид нь бүгд дарамттай. Хэвлэлийнхэн хүсвэл очоод ярилцлага авч болох байх.
-Аман ярианаас илүү баримт чухал. Баримт байна уу?
-Бидэнд мэдэгдэж байгаа эхний зүйл бол дэд захирлынх нь бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. “Цусыг нь гаргана” гэж байна. Энэ бол байж болохгүй ёс зүйгүй үйлдэл. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа өчүүхэн хэсэг, өөр юу илрэхийг таашгүй. Ажлын хэсэг ажилчидтай уулзахад камертай өрөөнд оруулсан байна лээ. Дараа нь дарамталсан гэсэн. Бүх юмыг цагдаагийн байгууллагын дарамт дор явуулна гэж байхгүй. Эрүүл мэндийн байгууллага тэгэх ч үгүй.
-Ээжүүдийг төрөхөд мөнгө өгсөн, өгөөгүйгээр ялгаварласан. Эмч нар хувийн эмнэлэгтэй гэдэгт шалгалт хийсэн үү?
-Эрүүл мэндийн яам төрөх ээжүүдэд анхаарч, төр, засгийн зүгээс ч төсөв мөнгийг нэмж ирсэн. Цаашид ийм ёс зүйгүй асуудал гарвал хариуцлага тооцно. Эрүүл мэндийн байгууллагуудад дотоод аудит хийгээд явж байгаа.
-Таныг улсын эмнэлгүүдэд найз нөхдөө томилж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Би тийм хүн биш. Анагаахын сургуулийг төгссөн хүмүүс бүгд бие биеэ мэднэ. Түүгээр нь танил гэж байгаа бол бүгд л бие биеэ танина шүү дээ.
-Таны эхнэрийг эрүүл мэндийн салбарт алба хашдаг гэсэн?
-Манай эхнэр эрүүл мэндийн салбарын хүн. Эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжил эзэмшсэн хүн. Намайг сайдын албыг авахад тэр хүн ажлаасаа халагдсан. Уг нь төрийн захиргааны мерит зарчмаар явсаар ЭМЯ-нд эрүүл мэндийн даатгалын хэлтэс хариуцсан дарга байсан. Одоо гэртээ хүүхдүүдээ хараад сууж байна.
-Яамнаас баталсан бүх бичиг баримтыг танай эхнэр хянадаг гэсэн мэдээлэл байна?
-Ямар хүн тийм мэдээлэл өгч байгаа юм бол. Тийм зүйл байхгүй. Манай эхнэр аливаа томилгоо, шийдвэрт оролцдоггүй. Надад өөрийн толгой, өөрийн баг бий. Эхнэрээсээ асуудаггүй. Энэ салбарт 20-оод жил ажилласных би ажлаа мэднэ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
хүний муу цагдаа болдог гэж яасан үнэн үг вэ. хуулийн хүрээнд тангараг өргөсөн гэх мөртөө даргын үгээр л ажилладаг
Монголын цагдаагаас ч болох бүтэхгүй юм байнга л гардаг биз дээ? Амаржих газар,шорон 2ыг зарим хүмүүс адилхан гэж ойлгодог бололтой,тэгж боддог хүнийг Шар хадны эмнэлэг рүү ойр тойрных нь хүмүүс эртхэн үзүүлээрэй,даамжрахаас нь өмнө
Монголын төр, нийгэм тас харанхуй болчихсон. Жаахан ч гэсэн гэрэл гаргахад цагдаагийн гэхдээ бүр маш хатуу хяналттай байж гэмээ нь бага ч атугай шудрага ёс тогтож эхлэнэ. Тэр цагдаа эвгүй үг хэллэг хэрэглэсэн ч бузарлагдсан гэмтнүүдэд ийм үн хэрэглэх ч багадаад байгааг яагаад ойлгохгүй зөвхөн цагдаа гээд л улиглаад байна. Төрөх эмнэлэг ялангуяа 1-р эмнэлэгт төрөх ямар хэцүү цул мөнгө эргэлддэгийг хүн бүр л мэдэж л байгаа ш дээ. Гол асуудал руугаа чиглэхгүй тэр цагдаа байсан эмэгтэыг л боохлоод байх юм. Өөрсдөө ч үг унагавал л пизда л гэдэг биз дээ. Үхэр Монголчуудаа ухаараач
Цагдаагаас тэтгэвэрт гарсан хүнийг ажилд авсан гэхээр ...... нэг зорилгл үнэртээд байна