Байрныхаа хувь лизингийн төлбөрөө бүрэн барагдуулсан иргэд гэрээсээ хөөгдөхөд хүрчээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Жаргалант хотхоны оршин суугчид хувь лизингээр байраа худалдан авч, төлбөрөө бүрэн барагдуулсан ч байраа авч чадахгүйд хүрчээ. Учир нь тус байрны эзэн "Тунжөү" ХХК-ийн Гүйцэтгэх захирал эмэгтэй м.кв-ийн анх тохирсон үнийг 250-500 мянган төгрөгөөр нэмж өгөхийг шаардсан байна. Оршин суугчдын зүгээс шийдвэрийг эсэргүүцэж, ордероо авахыг хүсчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших "Жаргалант" хотхоны 96 айлын орон сууцыг газрын маргаантай гэх үндэслэлээр 2018 онд шүүхээр битүүмжлэлд авсныг нь оршин суугчид саяхан мэджээ. "Тунжөү" гэх хятад эзэнтэй компани тус байрыг бариулж, Гүйцэтгэх захирал гэх Ли Лян Хуа эмэгтэй оршин суугчидтай хувь лизингийн гэрээ байгуулснаар түрүүч нь байрандаа орж эхэлжээ. Оршин суугчид байрныхаа анх тохирсон үнийг барагдуулсан ч өнөөдрийг хүртэл ордероо авч чадаагүй байна. Зарим айл 10 сая төгрөг төлчихөөд байрнаасаа гардаг байсан тухай ч оршин суугчид ярьж байв. Тэд ордероо авахын тулд бүх шатны байгууллагад ханддаг ч доривтой үр дүнд хүрээгүй өдийг хүрсэн байна.
Ордероо авч чадахгүй байгаа зарим оршин суугчид байрнаасаа хөөгдөж, мөнгөө төлсөн байранд нь өөр оршин суугч сууж, дарлуулж амьдарч байгаагаа учирлаж байв. Угтаа тус оршин суугчдын байрны гэрээний тамга тэмдэг, тохирсон үнийн дүн бүгд үнэн байсан гэдгийг Гүйцэтгэх захирлынх нь бие төлөөлөгч тайлбарлаж байгаа юм.
Сэтгүүлч Э.ЭНЭРЭЛ
Сэтгэгдэл ( 0 )