М.Баярсайхан: Хил орчмын малчдад дэмжлэг үзүүлэх шаардлагатай

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн судлаач, дэд хурандаа Мягмарын Баярсайхантай Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын хил, хил орчмын нутаг дэвсэгрийн аюулгүй байдлыг хангах арга зам” сэдвээр Хил судлалын ухааны  докторын зэрэг хамгаалсан юм.


-Амрыг эрье, Монгол Улсын хил тайван уу гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын хил тайван байна аа. Хилийн аюулгүй байдал гэдэг бол ерөнхий ойлголт. Олон улсад тогтсон нэршил. Хилийн аюулгүй байдал нь улсын хилийн халдашгүй дархан байдал, хил ормын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал гэсэн хоёр зүйлээс бүрддэг. Хилийн халдашгүй дархан байдал нь тухайн улсын хил баталгаажсан, хөрш орнуудтайгаа ямар нэгэн хилийн маргаан байхгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр хангагддаг. Монгол Улсын хувьд хөрш орнуудтайгаа хилийн ямар нэгэн маргаан, будилаан байхгүй дэлхийн цөөхөн улсын нэг. БНХАУ-тай хиллэж байгаа хилийг НҮБ баталгаажуулчихсан, ОХУ-тай хиллэдэг хэсгийг хоёр улс хамтраад хоёр ч удаа шалгасан. Гурав дахь удаагаа шалгах ажил ирэх жилээс хийгдэнэ. Энд ямар нэгэн маргаан, будилаан байдаггүй. Өнөөдөр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал бүрэн хангагдсан гэж үзэх болно.

-Улсын хилийг бүрдүүлж байгаа хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал ямар байгаа вэ. Залуус их, дээд сургууль төгсөөд хотод шингэдэг. Гадаадын улс орнууд руу олноороо явдаг. Хөдөө нутаг эзэнгүйдэж, хүн ам сийрэгжиж байгаа гэх юм?

-Манай улсын 14 аймгийн 69 сумын нутаг дэвсгэр хил орчмын нутаг дэвсгэрт харьяалагддаг. Энэ нутаг дэвсгэрийн аюулгүй байдал дээр ярих юм бий. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хил судлалын шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн томоохон төлөөлөл, доктор (Sc.D) профессор, Монгол Улсын генерал Ш.Арвай агсны онолын үзэл баримтлалаар бол хөрш зэргэлдээ улсын хилээс харахад Монгол Улсын хил эзэнтэй байх ёстой. Иргэд малаа маллаад, эсвэл байшин барилгаа бариад тэнд амьдрал үргэлжилж байх ёстой. Үүнээс хөрш улсын хил эзэнтэй юм байна гэсэн ойлголт төрдөг гэж үзэж, ийм онолыг дэвшүүлж байсан. Энэ онолоор аваад үзвэл өнөөдөр Монгол Улсын хил эзэнгүйдэх хандлагатай байна. Хил орчмын нутаг дэвсгэрт суурьшсан хүн амын суурьшил сийрэг байна. Үүнийг дагаад хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал алдагдаж байгаа юм.

Би судалгааны ажлаа 2015 оноос эхлүүлсэн. “Монгол Улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах арга зам” сэдвийн хүрээнд 14 аймаг, 69 сумын хүн амын суурьшил, дэд бүтэц, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлыг хангаж буй өнөөгийн нөхцөлийг судалсан. Өнөөгийн байдлаар хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйлсүүд бий болсон. Хил орчмын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа хүн амын нягтрал маш сийрэг болсон. Одоо хааш хаашаагаа хоёр км-т нэг хүн ногдож байна. Гэтэл Улаанбаатарт ямар их төвлөрөл бий болсон байна вэ?. Хүн амын гуравны хоёр хувь нь нийслэлд амьдарч байна. Үүнийг дагаад хил орчмын нутаг дэвсгэр эзгүйрч байна. Энэ хэрээр хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал алдагдаж байна.

-Уучлаарай, нууц биш бол хил орчмын  нутаг дэвсгэрийн аюулгүй байдал алдагдаж байна гэдгийг жаахан тодруулахгүй юу?

-Хил орчмын нутаг дэвсгэрт хүн ам сийрэгшиж, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал алдагдаж байна гэхээр хараа хяналт сул, эзэнгүй шахам газар нутагт гэмт хэрэг, терроризм, зэвсэг, хүний наймаа, хилийн зөрчил гарах магадлал өндөрсөөд ирдэг. Хяналт сулраад ирэхээр хэрэг зөрчил элбэгшинэ гэсэн үг. Мөн хил орчмын нутаг дэвсгэрт амьдарч байгаа ард иргэдийн амьдрал, аж ахуй маш тааруу байна. Ажлын байр байхгүй, цалин орлого бага. Ингээд ирэхээр тэнд амьдарч байгаа хүмүүс нэг хэсэг нь эдийн засаг, дэд бүтцээ дагаад ажил олж хийхээр төв рүү явцгааж байна. Зарим нь амьдрал ахуйгаа сайжруулахын тулд гэх юм уу, амьдралын эрхээр гэх үү хууль бус зүйлд оролцож байна. Хил дээр гарч байгаа зөрчлүүдийг судлаад үзэхэд 80 орчим хувь нь хил орчмын нутаг дэвсгэрийн ард иргэд холбогдсон байдаг. Ингээд үзэхээр хил орчмын нутаг дэвсгэр маань аюултай бүс болж эхэлж байна. Миний судалгааны ажлын гол агуулга үүнд чиглэж хийгдсэн.

-Сүүлийн үед хөдөө орон нутагт уул уурхай олширч, малчид бэлчээргүй боллоо гэлцэх болсон. Малын бэлчээрээс болоод хоорондын зөрчил тэмцэл ч их гарах болсон.

-Хил орчмын нутаг дэвсгэр нь эзэнгүйдсэн, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын аюулгүй байдлын чиглэлээр хийх ажил, хараа хяналт сул, чиг үүрэг тодорхой бус байхаар тэр бүс нутагт хууль бусаар байгалийн баялгийг олборлох, Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх явдал гарч болзошгүй.

Малчдын малын бэлчээрийн хуваарилалт дээр хүртэл төр тодорхой, эрх тэгш бодлогыг барих ёстой. Хил орчмын нутаг дэвсгэрт байгаа малчдад улсын хил орчмын тодорхой газар нутгийг хариуцуулан, түүнийгээ дагаад хил хамгаалалтад байршлаар нь оролцуулдаг тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 тоот зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”-ыг улам боловсронгуй болгож, хил хамгаалалтад оролцож байгаа иргэд, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдэд олгох цалин, урамшууллыг тодорхой болгож өгөх шаардлагатай байна.

-Монгол Улс төрт ёсны өнө эртний түүхтэй. Үүгээрээ дэлхийн 200 гаруй орноос ялгарах онцлогтой. Тэр ч үүднээс улсынхаа хилийг эрхэмлэж, хүү төрөхөд хил манах нь гэж бэлгэшээдэг. Та Хилийн цэрэгтэй амьдралаа хэрхэн холбосон бэ?

-Би 1996 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгсөөд БХИС-ийн харьяа Хилийн цэргийн дээд сургуульд элсэн орсон. Энэ цагаас Хил хамгаалах байгууллагатай салшгүй холбогдсон. Улсынхаа  хил дээр 17 жил тасралтгүй ажиллаж, үүний 15 жилийг нь хилийн заставт өнгөрүүлсэн. 11 жил заставын дарга хийсэн. Миний хань мөн Хилийн цэргийн хүн. Намайг дагаад 17 жил хилээр явсан.

2015 оноос Дотоод хэргийн их сургуульд магистр, докторын сургалт хариуцсан хөтөлбөрийн менежер, багшаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Хөвсгөл аймаг дахь Хилийн цэргийн 0257 дугаар ангид захирагчийн I орлогч, штабын даргаар жил гаруй ажиллалаа. Одоо Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байна.

-Сургалтын байгууллагыг орхиж, эргээд хил рүү явсан шалтгаан нь юу байв?

-Практик ажлын талбар руу гарсан нь судалгаа хийх зорилготой. Судалгааны ажлын маань тодорхой хэсэг нь хил хамгаалалт  буюу улсын нууцтай холбогддог. Тиймээс судлах материал хомс, энэ талын мэдээллүүд хязгаарлагдмал хаалттай байсан. Иймд хил рүү явж, судалгааны ажлаа хийж байгаад өнгөрсөн тавдугаар сард ДХИС-ийг түшиглэсэн “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-д докторын зэргээ хамгаалсан.

-Өнөөдөр хэрэгжүүлэх шаардлагатай ямар санал, дүгнэлтүүд судалгааны ажлаас гарч ирсэн бол. Хэрэв танд боломж олдвол нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой гэж харж байна? 

-Нэн тэргүүнд тухайн орон нутагт байгаа ард иргэд, хил орчмын бүсэд нутаглаж буй малчдад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, татвараас чөлөөлөх бодлого баримтлах шаардлагатай. Мөн тэнд байгаа аж ахуйн нэгжүүдийг мөн төрөөс бодлогоор дэмжих, ингэснээр тэнд ажлын байр нэмэгдүүлэх, тэр хүмүүсийг эргээд хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэхэд бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төсвийн шинэ хуулиар сум орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг болсон. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын чиглэлээр тэнд төсөв байдаггүй. Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий 11 байгууллага байгаа. Хуульдаа ч тодорхой заасан. Ихэнх байгууллагын чиг үүргийг судлаад үзэхэд яг хилийн болон хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ч үүрэг оролцоо байдаггүй. Цагдаа, Онцгой, ТЕГ зэрэг байгууллагад  бол байдаг, бусдад нь байхгүй.

Ялангуяа хил орчмын нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж байгууллагууд ямар ч үүрэг, оролцоогүй байна. Иймд энэ чиглэлээр төр, засгийн зүгээс бодлогоо тодорхойлж ажиллах шаардлагатай. Нэг үеэ бодвол хилийн аймгуудын Хил хамгаалах туслах хүчний зөвлөл, хилийн сумдын салбар зөвлөлүүд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг болсон.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хил хамгаалах туслах хүчний зөвлөл 2022 онд аймгийн төсөвтөө тусган хил хамгаалалт, хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн, Арбулаг сумын ИТХ-ын дарга С.Аюушжав санаачлан сум орон нутгийн ард иргэдээс 11 толгой адуу гарган хил хамгаалалтад  дэмжлэг үзүүлсэн. Үүнийг хэн ч зүгээр өгөхгүй, ард иргэдийн эх оронч үзэл, сум орон нутгийн удирдлагын зөв бодлогын үр дүн гэж харсан.

-Ярилцлагын төгсгөлд асуугаагүй асуултын хариултыг танаар хэлүүлье?

-Хил орчмын нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд төрөөс тодорхой бодлогыг барьж үе шаттайгаар олон арга хэмжээнүүдийг авч хэрэжүүлж байгаа. Хил хамгаалалт, улсын хилийн аюулгүй байдлыг хангах асуудал нь дан ганц Хил хамгаалах байгууллагын үүрэг биш юм. Үүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, орон нутгийн удирдлага, иргэд, малчдын оролцоо маш их.

Тухайн хил орчмын нутаг дэвсгэрт байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, орон нутгийн ард иргэд, ялангуяа малчдыг төрөөс тодорхой бодлогоор дэмжих, татварын хөнгөлөлт үзүүлэх, малчдыг бэлчээрийн болон малын хөлийн татвараас чөлөөлөх, цалингийн бүсчлэл тогтоох, ажлын байр бий болгох, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч хэржүүлсэнээр хил орчмын нутаг дэвсгэр хөгжиж эхэлнэ. Тухайн бүс нутагт байгаа уул уурхай, байгалийн баялгийг ашиглан үйлдвэрлэл бий болгох, дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, хил орчмын нутаг дэвсгэрийн ард иргэдийн ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломж нөхцөл байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Үүний зэрэгцээ орон нутгийн засаг захиргаа, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, орон нутгийн ард иргэд, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдэд хил хамгаалалт, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой чиг үүргийг хүлээлгэж ажиллах ёстой. Ингэснээр улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа сайжирна гэж үзэж байна. Монголчууд эрт дээр үеэс улсын хил дээрээ хамгийн шилдэг цэрэг хүч хэрэгслээ байрлуулан, дархлан хамгаалж, газар нутгийн төвөө үүц мэт хадгалан хойч үедээ нандигнан хадгалж, уламжлуулан өвлүүлсээр ирсэн. Өнөөдөр энэ уламжлал маань алдагдаж байна. Бид хойч үедээ ямар газар нутгийг, баялгийг, өвийг үлдээх вэ? Энэ асуултыг л Монгол хүн бүр өөртөө тавьж баймаар байна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.190.32) 2022 оны 10 сарын 21

Зөв, Хилийн цэргийн хил дагасан нэгжүүдийн удирдлага,ахлагч нарын зах замбараагүй архидалтыг таслан зогсоох ёстой

0  |  0
Top