Бага насны хүүхдээс нүцгэн зураг шаардаж дарамталсан этгээдэд ял оноожээ

2022 оны 11 сарын 01

Бага насны хүүхдэд фейсбүүкээр садар самуун дүрс бичлэг илгээж, нүцгэн зураг шаардаж дарамталсан, заналхийлсэн этгээдэд ял оногдуулав.




Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/658
Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Насанд хүрсэн этгээд болох Болд хэн болохоо нууцалсан фейсбүүк хаягаас 11 настай хохирогч Солонготой фейсбүүкээр танилцаж, хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг, хичээл нь хэдэн цагаас тардаг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олж авч, улмаар садар самуун агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг түүний фейсбүүк хаяг руу илгээн, “...хөх болон бэлэг эрхтнийхээ зургийг явуул, явуулахгүй бол сургууль руу чинь очно” гэх зэргээр сүрдүүлэн, биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг нь өөртөө авсны дараа “надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн фейсбүүк группт тавина, аав, ээжид чинь үзүүлнэ” гэж мессеж бичиж, тодорхой үйлдэл хийхийг шаардаж, гэр сургуулийнх нь гадаа ирэх, утсаар залгах, фейсбүүк хаягаас зурвас илгээх зэрэг үйлдэл хийжээ. 

Эрүүгийн хуульд “хүүхдэд садар самууны  холбогдолтой хэвлэл, ном, зохиол, зураг, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, тийм үйлдэл хийлгэсэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйлдлийг “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”  гэмт хэрэг гэж  үзэхээр заасан, түүнчлэн “Заналхийлэх” гэмт хэрэг гэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь  хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдлийг ойлгохоор хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, Болдын дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Болдыг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуульд зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг  харин “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас аль нэгэн ялыг сонгон оногдуулахаар тус тус хуульчилжээ.

 

Шийтгэх тогтоолыг бүтнээр нь үзэх бол дараах холбоосоор үзнэ үү. 

 

https://shuukh.mn/single_case/79643?daterange=2022-01-01%20-%202022-10-16&id=1&court_cat=2&bb=1

 

Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top