Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх талаар Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Энх-Оргилоос тодрууллаа.
-Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар үндэслэлээр явуулдаг вэ, та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл нь шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон дараах шийдвэрүүдийг үндэслэн явуулдаг. Үүнд, торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураан авах тухай шийдвэр, хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай шийдвэр, албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах тухай шүүхийн шийдвэр, баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр, шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон бусад байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэргийн талаарх шийдвэрүүд байна.
Шүүхээс зөрчлийн хэргийн талаарх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжиж эхэлдэг. Прокуророос дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, энэ ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээг авч ажилладаг.
-Улсын хэмжээнд зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байна уу, та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2021 оны сүүлийн хагас жил, 2022 оны эхний 5 сарын байдлаар баривчлах, саатуулахаас бусад төрлийн Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг улсын хэмжээнд шалгаж, холбогдох арга хэмжээг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх хугацаанд торгох, хөрөнгө, орлого, эд зүйл хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулахаар нийт 2778 зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Прокурорын шалгалтаар зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, зөрчилд холбогдогч иргэний эрхийг зөрчсөн зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ нь зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг хангах ач холбогдолтой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчээс дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй зөрчил нэлээдгүй гарсан. Прокурорын байгууллагаас шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин гаргахгүй байх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шаардлага бичиж хүргүүлсэн. Шаардлагын мөрөөр холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар тухайн байгууллагаас бичгээр хариуг ирүүлсэн байна.
-Та шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон бусад байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэргийн талаарх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны талаар дээр дурдсан. Энэ энэ талаар тодруулбал?
Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд хуулийн хүчин төгөлдөр болсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль болон шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр тухайн албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргаж, шүүх үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичдэг. Энэхүү шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж байгаа ажиллагааг хэлж байгаа юм. Дээрх хугацаанд шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон бусад байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэргийн талаарх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа 1871-ийг явуулсан байна.
-Торгох шийтгэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, биелэлт ямар байна вэ?
-Шалгалтад хамрагдсан хугацаанд буюу 2021 оны сүүлийн хагас жил, 2022 оны 5 сарын байдлаар нийт 2900 гаран хүн, хуулийн этгээдэд оногдуулсан 10.5 тэрбум төгрөгийн торгох шийтгэлээс 4 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаар бүрэн биелүүлсэн байна. Иргэн, хуулийн этгээдээс ямар нэг зөрчил гаргаж торгох шийтгэлээр шийтгүүлсэн бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх ёстой. Хэрэв торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах үндэслэл болох төдийгүй торгох шийтгэлийг баривчлах шийтгэлээр солих, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болдог.
Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, тендер шалгаруулалтад оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, хугацааг сунгах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулахгүй байх зэргээр төрийн үйлчилгээг хязгаарладаг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )