Олаф Шольцын айлчлалын багт “Volkswagen”, “Deutsche Bank”, “Siemens”-ийн гүйцэтгэх захирлууд багтжээ

2022 оны 11 сарын 08

Германы Канцлер Олаф Шольц баасан гарагт дээд түвшний удирдах албан тушаалтнуудын хамт Хятадад хүрэлцэн ирж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтаа хамтран ажиллах тал дээр анхааарч эхлээд байна. Шольц баасан гарагийн өглөө БНХАУ-ын нийслэлд газардсаны дараа Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзжээ. 

Канцлерын айлчлалын багт Германы салбартаа тэргүүлэгчид буюу “Volkswagen” (VLKAF), “Deutsche Bank” (DB), “Siemens” (SIEGY) болон “BASF” (BASFY) зэрэг компанийн гүйцэтгэх захирлууд багтсан байна. Тэд Хятадын компаниудтай хаалттай хуралдах аж. Шольцын Хятадад хийсэн анхны айлчлал нь Герман эдийн засгийн уналт руу шилжиж байгаа үед тохиож байна. ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Герман Оросын эрчим хүчний хараат байдлаас гарахаар хичээж байгаа юм. Бээжин Оростой харилцах харилцаагаа “хязгааргүй” гэж зарласан бол Вашингтонтой харилцаа нь улам хүйтэрсээр байгаа билээ. Түүнчлэн Хятадын төрийн усан тээврийн аварга компани “Cosco” Гамбургийн боомт дахь дөрвөн терминалын нэгнийх нь 35 хувийг худалдан авах санал тавьсан тухай мэдээлэл саяхан гарсан. Гэвч Герман улс хүнд байдалд байгаа эдийн засгаа сэргээх сорилттой тэмцэж буй энэ үед Бээжинтэй аль болох сайн харилцаа тогтоохоор хичээж байна. 

Киелийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн тооцоолсноор Европын холбоо болон Хятадын хоорондын худалдаа их хэмжээгээр буурвал Германы ДНБ  нэг хувиар буурахаар байгаа аж. Нөгөө талаас Олаф Шольц нь "КОВИД-19" цар тахал дэгдсэнээс хойш Долоогийн бүлгийн орнуудын удирдагчдаас Бээжинд айлчилж байгаа анхны удирдагч болоод зогсохгүй ХКН-ын XX их хурлаар Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийг баталгаажуулснаас хойш Хятадад хөл тавьж байгаа Европын холбооны анхны удирдагч болж байна.

Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Герман улс Оросын эрчим хүчний хараат байдлаас гаргахаас аргагүйд хүрсэн. Европын холбоо Хятадын хүний эрхийн байдал болон Орос, Хятадын харилцаа ойртож байгаатай холбогдуулан Бээжинтэй бодолтой харилцахыг эрмэлзэж байгаа юм. Гэхдээ Шольцын Засгийн газар Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаад түүний Засгийн газрын зарим сайд нар болгоомжилж байна. Хятад нь Германы худалдааны хамгийн том түнш. Өнгөрсөн оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 242 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top