Оросын алдартай холимог тулаанчийн гэнэтийн үхлийн дараа олон таамаг гарч буй. 33 настай холимог тулаанч Александр Писаревын үхлийн шалтгааныг эмч нар анх хоолны хордлого гэсэн дүгнэлт хийсэн билээ. Тэгвэл зарим хэвлэлд тамирчныг хорлогдсон, мансууруулах бодис хэрэглэж унтаад сэрээгүй зэргээр бичиж байгаа.
Ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан тулаанч залуу чанар муутай тарвас идсэнээсээ болж хордсон байж магадгүй аж. Учир нь гэр бүлээрээ тарвас идсэнийхээ дараа буюу аравдугаар сарын 30-нд Александр болон түүний эхнэрийн бие таагүй байжээ.
Тамирчин залуу болон түүний эхнэр тухайн өдрөө унтаад сэрэхгүй байсан учир аав нь түргэн тусламж дуудсан байдаг. Тулаанч залуу түргэн тусламжийн эмч ирэхээс өмнө амьсгал хурааж, эмч нар эхнэрийг нь эмнэлэгт хүргэсэн юм.
Өөр нэг хувилбар
Тэгвэл Оросын “Telegram-канал 112” холимог тулаанчийн үхлийн талаар өөр нэгэн баримт гарган мэдээлжээ. Александр өвчин намдаах хүчтэй үйлдэлтэй мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй аж. “Telegram-канал 112”-ын мэдээлснээр эмч нарын урьдчилсан дүгнэлтэд ийм нэгэн хувилбар байгаа аж.
Ямар учиртай мөөг байв?
Үүнээс гадна хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Александр Писаревын эхнэр хордсон өдрийнхөө өмнө найзуудтайгаа вино ууж, хатаасан мөөг идсэн гэж ярьжээ. Тамирчны аав нь ч хүүгээ хатаасан мөөг идэж байхыг хэд хэдэн удаа харсанаа хэлсэн байна. Александр уг мөөгнийхөө тухай “Бэлтгэл хийхэд тэсвэр тэвчээр нэмэгдүүлдэг юм. Энэ нь витаминыг орлоно” гэж хэлж байжээ. Гэхдээ яг ямар мөөг байсныг аав нь мэдээгүй байна.
Тамирчны үхлийн талаарх шинжээчийн албан ёсны дүгнэлт хоёр долоо хоногийн дараа гарна.
Эмч ирэхээс хоёр цагийн өмнө амьсгал хураажээ
Александрын аав аравдугаар сарын 30-нд гадаа салхилж яваад орж ирэхэд хүү, бэр хоёр нь өрөөндөө бөх гэгч нь унтаж байгаа мэт байжээ. Удалгүй тэднийг хоолоо ид гэж дуудахад сэрэхгүй байсан учир өрөө рүү нь орж, зүрхний цохилтыг нь чагнасан байна. Гэвч хүүгийнх нь зүрхний цохилт сонсогдохгүй байсан учир түргэн тусламж дуудаад, өөрөө хүүдээ хиймэл амьсгал хийж эхэлжээ.
Александр амьсгалж эхлэх шиг санагдсан тухай аав нь ярьсан байна. Гэвч эмч нар ирээд тамирчныг хоёр цагийн өмнө амьсгал хураасан байна гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )