Д.Батсайхан: Дэлхийн аваргын финалд шалгарна гэдэг ТОМ АМЖИЛТ

2022 оны 11 сарын 07

 

2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр Герман улсад зохион байгуулагдсан спорт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон "Star" хамтлаг монголчуудын бахархал, хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. Дэлхийн аваргын 4-р байрын шагналт, Монгол Улсын 6 удаагийн аварга, 7 удаагийн дэд аварга "Star" хамтлагийн багш, дасгалжуулагч Д.Батсайхантай бид ярилцлаа. Түүнийг "TV5" телевизээс зохион байгуулсан "Ододтой бүжиглэе" шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж байснаар нь олон нийт сайн мэднэ. Амьдралынхаа 30 гаруй жилийг бүжгийн спортод зориулсан багшийн яриаг өнөөдөр онцолж байна. 


-Юун түрүүнд Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд тань халуун баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Дэлхийн аваргын тэмцээнд дан монгол хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцсон гэж сонссон. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн бэ?

-Манайх энэ жил 19 тамирчин 2 багш, менежер гээд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д оролцоод ирлээ. Манай хамтлагт анхан шатанд багшилдаг багш нар бий. Мөн гадаадад суралцаж байгаа багш нар ч бий.

-Бүжиг их сонирхолтой санагдсан. Бүжгийнхээ дэглэлтийн тухай ярьж өгөөч. Өөрөө дэглэсэн үү, эсвэл багш, дасгалжуулагчидтайгаа хамтарсан уу?

-Ер нь дийлэнхдээ би дэглэдэг. Харин энэ удаад бид хоорондоо ярилцаж байгаад сэдвээ сонгож, бүжгээ дэглэсэн. Шинэ урсгал, шинэ сэдэв, шинэ эрч хүч юм байна гэж бодож сэдвээ сонгосон. Манайх DJ гэдэг дээр хоёр утга санааг илэрхийлсэн. Эхнийх нь “Disc Jocker” буюу диск тоглуулагч, хөгжмийг шинээр найруулж байна гэсэн утга. Нөгөөх нь “Dance Journey” буюу бүжгийн аялал гэсэн утгатай. Үндсэндээ бол бүжгээр аялж буй залуусын эрч хүчийг харуулах зорилго, сэдэв бүхий бүжиг дэглэсэн.

-Н.Онондарь дасгалжуулагч хамтлагийн бүрэлдэхүүнд нэгдсэн байсан. Хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн бэ?

-Н.Онондарь маань 2012-2015 оны хооронд “Star Dance” хамтлагт бүжиглэж байсан юм. Монголын бүжгийн спортын холбоог үүсгэн байгуулагч А.Мөнгөнхуягийн шавь. Бид ярилцаж байгаад хамтлагтаа авч байсан юм. 2016 оноос хойш Германы алдартай хамтлагт бүжиглэж эхэлсэн. Авьяас чадвар, хөдөлмөрөөрөө Дэлхийн гурван удаагийн аварга болсон хүн шүү дээ.

-Хамтлагтаа эргэж ирээд, туршлагаасаа харамгүй хуваалцсан байх?

-Манай хамтлаг Дэлхийн аваргад 2010 оноос хойш нийт 10 удаа оролцсон. Найман удаа хагас финалд шалгарсан. Өөрсдийн ур чадвараар л дээш гарах зорилготой байсан. Н.Онондарьдаа хамтран ажиллах санал тавихад зөвшөөрч, энэ жилээс эхлэн хамтарч, Дэлхийн аваргын дасгалжуулагчаар ажиллаж байна. Дэлхийн гурван удаагийн аварга, Европын хоёр удаагийн аварга болсон хүнд асар их туршлага бий. Мөн сэтгэл зүйн хувьд ч тэр хамтлагийнхандаа маш их дэмжлэг үзүүлсэн.

 

 

БҮЖГИЙН СПОРТ АВЬЯАС ЧАДВАР, ХӨДӨЛМӨР, ХӨЛС ХҮЧ, ЗОВЛОН, ЖАРГАЛ БҮГДИЙГ АМТЛУУЛСАН СПОРТ

 

-Хамтлагийн бүрэлдэхүүнд харьцангуй залуу хүмүүс байгаа харагдсан. Тамирчдаа хэрхэн шалгаруулж авсан бэ?

-2021 онд ковид харьцангуй намжсан үед өөрсдийн клубээ байгуулчихсан байсан юм. Тэр үед хамтлагтаа шинэ тамирчид авсан. Бүжгийн спортын тамирчин биш ч бүжигт дур сонирхолтой хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм хүүхдүүдийг нэгтгэсэн. 78 хувь нь шинэ хүүхдүүд байгаа. Ерөнхийдөө цоо шинэ тамирчидтай энэ удаагийн тэмцээнд оролцсон.

-Үзүүлбэрээ үзүүлэх үеэр үзэгчид болон шүүгчдийн сэтгэгдэл хэр байсан бэ?

-Манай тамирчид ер нь их даруухан талдаа. Өөрсдийгөө тэр бүр сурталчлаад байдаггүй. Аль болох даруу төлөв байх нь тамирчин хүнд хэрэгтэй мөн чанар гэж би боддог юм. Манай “Star Dance” хамтлаг олон жил Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа болохоор тамирчид, дасгалжуулагчид сайн мэддэг. Тийм учраас маш онцгой хүлээж авсан. Бид олон тэмцээнд оролцож байсан. Гэхдээ Германы үзэгчид онцгой дотно хүлээж авсан.

-Тэмцээний үеийн бичлэгийг үзэж байхад ямар ч алдаа мадаггүй, маш гоё гүйцэтгэлтэй байсан. Хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?

-Шинэ тамирчидтайгаа, шинэ бүрэлдэхүүнээр яг нэг жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл хийсэн. Олон тэмцээнд оролцсон. Шинэ хүүхдүүдээ бүжгийн спортод дасгахын тулд шаргуу ажилласан. Бүжгийн спорт гэдэг хэр баргийн хүн хичээллэхэд хэцүү спорт л доо. Техник сайтай байхын зэрэгцээ олон урсгалыг биедээ хэвшүүлэх шаардлагатай болдог. Үүнээс гадна багаар ажиллаж байгаа учраас олон төрлийн хайрцаг буюу байрлалд орж бүжиглэхийн тулд авхаалж самбаа, хурд хүч, мэдрэмж ихээр шаарддаг. Авьяас чадвар, хөдөлмөр, хөлс хүч, зовлон жаргал бүгд л амтагдсан спорт л доо.

-Хүмүүс сонирхож байгаа байх. Дөрөвдүгээр байрт шалгарахад юу хамгийн том нөлөө үзүүлсэн гэж бодож байна вэ. Шүүлтийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөвдүгээр байр эзэлнэ гэдэг бол маш том амжилт. Хоёрдугаарт, Н.Онондарь маань анх удаа биднийг финал руу хөтөллөө. Финалын шатанд оролцож байсан туршлагатай хүн гэдэг тухайн цаг үед болж байгаа үйл явц, мэдэрч байгаа мэдрэмж гээд л үүнийг хэрхэн зохицуулахаа сайн мэддэг болдог юм билээ. Бүтэн жилийн хугацаанд бэлдсэн ч гэсэн тэмцээнд оролцож байгаа тухайн цаг мөчид юу харуулах вэ гэдэг маш чухал мэдрэмж байдаг. Үүн дээр бид маш сайн гар нийлж ажилласан. Шүүлтийн хувьд арван шүүгч дөрвөн үеийн турш ээлжилж шүүдэг. Жишээ нь, манайх нэгдүгээр раунд дээр зургаа дээр, хоёрдугаар хэсэгт гурав дээр орж ирсэн. Энэ нь тухайн цаг мөчид мэдрэмжээ хэрхэн гаргаж, техникээ харуулж байгаатай шууд холбоотой. Тийм болохоор тухайн үеийн сэтгэл хөдлөл хамгийн их нөлөө үзүүлдэг болов уу гэж боддог.

 

 

ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН ГУРВАН ХАМТЛАГ ЕРӨНХИЙДӨӨ НЭГ БАГШТАЙ ХАМТЛАГ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

 

-Таны хувьд бүжигтэй хэрхэн холбогдсон бэ. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг бүжгийн ертөнцөд өнгөрүүлсэн байх?

-Би чинь нэг их ярилцлага өгч байгаагүй, харьцангуй даруухан талдаа хүн л дээ. Удаан хугацааны дараа ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Би хүүхэд байхдаа Монголын хүүхдийн ордны Ч.Жаргалсайхан багшийн шавь болж, анх бүжгийн урлагт хөл тавьж байсан юм. Бараг 30 жил орчим бүжигтэй амьдралаа холбоод амьдарч байна.

-Таныг бүжгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг гэж ярилцдаг?

-2000 онд СУИС-ийг дүүргэн, Д.Отгонбаяр багшийн ангийг төгсөж байсан юм. Үүнээс хойш хамтлаг бүжгийн төрөлд орсон. Оюутан байхдаа тэмцээнд их оролцдог байсан. “Хаврын баяр”-т оролцдог болсны дараа бүжгийн спортод хөл тавьсан гэх үү дээ. Тухайн үед хамтлагуудад урилгаар бүжиг зааж өгдөг байлаа. Бүхий л хамтлагуудад очиж багшилж, тодорхой хэмжээний амжилт үзүүлж байсан. Бүжгийн спортын холбоо өөрөө 2001 онд байгуулагдсан. Багийн бүжгийн тэмцээнийг 2003 оноос зохион байгуулж эхлээд тухайн жилдээ мөн “Улсын аварга шалгаруулах тэмцээн” зохиож байсан юм. 2009 онд Дэлхийн аваргад анх удаа оролцох гарц байгааг олж хараад, 2010 онд хамтлагтайгаа явж байлаа. Тухайн үед одоогийн “Moon Dance” хамтлагийн багш, дасгалжуулагч О.Саранхүү, О.Оюунбат нар миний удирдлага дор Дэлхийн аваргад оролцож байсан юм. Сая Дэлхийн аваргад оролцсон гурван хамтлаг ерөнхийдөө нэг багштай хамтлаг гэж ойлгож болно. Нэг гараанаас бүгд зэрэг гарч байлаа. Манай “Хатантуул” хамтлаг сая Дэлхийн аваргад бас оролцсон. Олон жил тогтвортой оршиж байгаа хамтлагуудын нэг. Бас л очиж багшилж байсан учраас үргэлж баяртай байдаг.

-Бүжгийн спортын тухай хүмүүсийн ойлголт харьцангуй өөрчлөгдөж байгаа байх. Энэ тал дээр танд юу мэдрэгдэж байна вэ?

-Сүүлийн үед спорт бүжиг гэж нэрлэгдээд байгаа боловч манай улсад аль 1980-д оноос хойш “Цэнгээнт бүжиг” гэдэг нэрээр явж ирсэн зүйл л дээ. Энэ хугацаанд бичигдсэн түүхийн 70, 80 хувийг мэдэх хүний хувьд маш том түүхтэй гэж хэлэхийг хүсэж байна. Сүүлийн үед хамтлаг бүжгийн төрөлд хүмүүс түлхүү хүч сорьж байгаа санагдаж байгаа.

-Хүүхдээ бүжгийн спортоор хичээллүүлэх сонирхолтой хүмүүсийн тоо хэр нэмэгдэж байна вэ?

-Манайх “Star Dance” гээд студитэй. Клубт явдаг байнгын тамирчид мөн олон бий. Бүжгийн спорт хүний дотоод ертөнцийг маш сайн нээдэг. Бие галбир маш зөв төлөвшдөг. Гар, хөл, булчингийн ажиллагаа гээд л тэр бүгдийг хөгжмийн аялгууг мэдэрч гүйцэтгэнэ гэдэг амаргүй л дээ. Маш нарийн ажил. Ер нь олон төрлийн ач холбогдолтой учраас хүүхдээ хичээллүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр л байна.

-Ер нь хэдэн наснаас эхлэн хичээллүүлж эхлэх боломжтой байдаг вэ?

-Бүжгийн спортоор хичээллүүлж эхлэх тохиромжтой нас нь 5 нас байдаг. Гэхдээ манай монгол хүүхдүүдийн хувьд 7 нас хамгийн тохиромжтой нас гэж би хараад байгаа. Цэцэрлэгээ төгсөөд, сургуульд орох үед нь хичээллүүлж эхэлбэл тун зүгээр. 3, 4 настай хүүхэд ч бүжиглэж чадна. Хүүхэд эхийн хэвлийд байхаасаа эхлээд л хөгжмийг мэдэрч, сонсож чаддаг учраас эрт эхлэх боломж ч бий.

 

 

ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ТӨРӨЛД МАНАЙХАН МЕДАЛИЙГ ЦУГЛУУЛАХ ШИГ Л БОЛДОГ

 

-Монгол бүжигчдийн онцлог, давуу талын тухай гаднын тамирчид болон шүүгчид хэрхэн дүгнэдэг вэ?

-Бүжгийн спорт 2001 оноос эхлэн Монголд орж ирэхдээ ихэвчлэн өсвөр, хүүхэд насны ангилалд дэлхийд толгой цохиж байсан. Одоо ч ялгаагүй. Шүүгчдийн зүгээс монгол хүүхдүүдийг жишээ болгож, бусад тамирчдад танилцуулж байсан түүх бий. А.Мөнгөнхуяг багштай хоёр ч хосыг Дэлхийн шүүгчдийн зөвлөлийн дарга нар сургалтдаа оруулж ирээд, хамгийн зөв техниктэй байгааг нь онцолж, үлгэр дуурайл болгож байсан. Хүүхэд, өсвөр насны төрөлд медалийг цуглуулах шиг л болдог. Насанд хүрэгчдийн хувьд тууштай байх тал дээр багахан хүндрэл гардаг учраас амжилт үзүүлэхэд жаахан хүндрэл гардаг. Формейшн буюу багийн төрөлд одоо нэлээн гайгүй болоод ирлээ. Анхныхаа мөнгөн медалийг хүртлээ шүү дээ. Азийн хамтлагуудаас медальд хүрч байсан хамтлаг байхгүй. Монголчуудын хувьд маш том амжилт.

-Арав гаруй удаа Дэлхийн аваргад оролцохдоо өөр өөр бүжгээр оролцсон хамтлаг тун цөөн байх. Таны хувьд дэглэлтийн санаа, сэдвээ хэрхэн олдог вэ?

-Эхэндээ өөрөө дуугаа зохиогоод л, найруулгаа хийдэг байлаа. Монголд хөгжмийн найруулга хийдэг хүн ховор шүү дээ. Тэдгээр хүмүүс дээр очоод дуугаа аялаад л, олон төрөлд хувиргаад л, юуг нь нэмэх үү, юуг нь хасах уу, ямар цохилт дээр ямар эмоци гарах вэ гээд л бүжгээ бараг л ярьж өгдөг байсан. Од харвах, онгоц нисэх үед арын хөгжим нь ямар байх юм гэхчлэн бодоод л үүн дээрээсээ дэглэлтээ гаргадаг.

Манай 2019 гаргасан  Майкл Жексон болон, Фредди Меркури нарт зориулсан “King & Queen” үзүүлбэрийг үзээд Герман улсын баг бүжиглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Утга санааны хувьд хоёр том од хэдийгээр өөд болсон ч тайзан дээр мөнх амьдарна гэх утгыг илэрхийлэхийг зорьсон. Тухайн үед заал дүүрэн алга ташилт нижигнээд л хүмүүс маш халуун дотноор хүлээж авсан.

 

“King & Queen” үзүүлбэр 
 

 

-Эх орноо төлөөлөөд олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцоход улсаас ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?

-Энэ тухай олон хүмүүс асуудаг л даа. Та нарт ямар нэгэн тусламж дэмжлэг байдаг уу гээд л. Тийм зүйл байхгүй ээ. Би хувьдаа юу гэж боддог вэ гэхээр улсаас заавал тусламж дэмжлэг байх албагүй л дээ. Хувь тамирчин өөртөө хөрөнгө оруулж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дамжуулан өөрийгөө ямар хүн бэ, яаж тууштай, итгэлтэй байх вэ гэдэг тал дээр маш том ахиц авчирдаг. Хувь хүний хөгжил тал дээр, аливаа асуудлыг даван туулах, түүндээ хариулт олох гээд л маш их өөрчлөлт өгдөг.

Дэмжлэг тал дээр ямарваа нэгэн шагнал урамшуулал аваад ирсэн тохиолдолд дэмжлэг үзүүлдэг л дээ. Тэрнээс биш амжилт үзүүлэх эсэх нь тодорхойгүй байхад дэмжлэг үзүүлнэ гэсэн зүйл байхгүй.

-Тэгэхээр бүжигчид цэвэр хобби, өөрсдийн хүсэл сонирхлоороо л мөрөөдөлдөө хүрдэг байх нь ээ?

-
Тийм  ээ. Манай хамтлагийн бүрэлдэхүүнд гэхэд өөр мэргэжлээр сурдаг хэрнээ бүжигт дуртай хүүхдүүд олон бий. Эмч, хуульч, эдийн засагч, шүдний эмч, IT инженер гээд л олон мэргэжлийн хүмүүс манайд бий. Мөн бүжгийн өөр чиглэлээр мэргэшиж төгссөн хүүхдүүд бий. Тэд амаргүй зүйл гэдгийг маш сайн мэднэ. Гүйцэтгэлийн өөр төрөл л дөө. Хүн төрөлхтөн гүйцэтгэлээр хийдэг хөгжмийн төрлийн дөрвөн зүйл бий. Дуулдаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог, хөгжим сонсдог. Түүний нэг нь бүжиг шүү дээ. Яг биеэрээ гүйцэтгэдэг.

 
2022 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА ҮЗҮҮЛСЭН ҮЗҮҮЛБЭР 
 
 

 

-Ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр зэхээд байгаа хамгийн том төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцаач?

-Бид мэдээж дэлхийн хэмжээнд гаргасан энэхүү амжилтаа ахиулах бодолтой байна. Хоёрдугаарт баг бүрэлдэхүүний хувьд гарч буй асуудлыг шийдэх хэрэгтэй. Учир нь хүний амьдралд юу ч тохиолдож болно. Энэ дунд чинь хүний амьдрал буцалж байгаа шүү дээ. Хүмүүсийн хоорондоо харилцаа, нэгэндээ итгэх итгэл гэдэг маш чухал. Амжилт гаргахаасаа илүүтэй тэр итгэл энэ хүмүүсийг нэг чиг, зорилготой болгож байдаг гэж боддог. Тэр зорилго биелсэн тохиолдолд амжилтад хүрэх нь гарцаагүй. Үүнийг энэ жилийн амжилт харуулж байна гэж бодож байна.

Н.Онондарь өсвөр насандаа бидэнтэй хамт бүжиглэж байгаад амжилтад хүрсэн ч буцаж ирсэн. Ээж аавынхаа ачыг хариулна гэдэг шиг хүн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, эх орондоо эргэж ирээд амжилт үзүүлж байгаад нь би онцгой баяртай байгаа.

-Тэмцээн дууссаны дараа та бүхэнтэй хамтарч ажиллах санал хэр их ирж байна вэ?

-Олон санал ирж байгаа. Хамгийн сүүлд гэхэд бид “361” гээд спорт хувцасны брэндтэй хамтарч эхэлсэн. Мөн бүжгийн хувцас урладаг хүмүүс ихээр холбогдож байгаа. Бүжгийн хувцас гэдэг чинь тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэл байдаг. Мөн хөгжмийн мундаг залуус байна. Хөгжимгүй бол бид бүхий үзүүлбэр амилахад хэцүү шүү дээ. Хөгмөөр дамжуулан мэдэрсэн зүйлээ бид биеэрээ илэрхийлж байгаа. Олон хүмүүс хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Цаашид хамтраад явах байх.

Би өөрөө Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш л даа. Сургуулийн өмнөх боловсролын сургуульд нь багшилдаг. Манай сургуулийн хамт олон байнга тусалж дэмждэг. Заал танхим гаргаж өгнө. Үргэлж л сэтгэл зүрхээрээ дэмждэг. Бид МУБИС-ын хамтлаг шиг л байдаг.

 

 

ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ НЭЭЖ, ТАНЬЖ МЭДЭЭСЭЙ ГЭЖ ҮРГЭЛЖ ХҮСДЭГ 

-Хамтлагийн бүрэлдэхүүнд бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар байгаа харагдсан. Хамтлагт бас өөрийн өнгө төрхийг шингээж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. 2022 оны дэглэлт дээр эхлэл болон төгсгөлийн хэсэгт өөрийн урсгал чиглэлийн дэглэлтүүд нэмсэн. Ё.Дамчаабадгар чинь Монголын бүжгийн урлагт шинээр гарч ирж байгаа шинэ од. Контемпрари урсгалаар нэлээн танигдаж яваа уран бүтээлч. Өөрийгөө өөр чиглэлд нээж, таниж мэдэхийн тулд хичээж яваа бүжигчин. Манай хүнд хүнд амласан амлалт бий. 2021 онд манай нэг тамирчин тэнгэрт дэвшсэн юм. Түүндээ зориулж энэхүү бүжгийг бид бүрэн дүүрэн гаргахыг хичээсэн. Тэр залууд зориулж Ё.Дамчаабадгар маань ирсэн. Өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлсэн байх гэж бодож байна.

-Бүжгээр дамжуулан илэрхийлэхийг хүсдэг хамгийн чухал зүйл тань юу вэ?

-Ковидын үед урлаг соёл гэдэг зүйл байхгүй бол хүний сэтгэл зүй ямар хэцүү, гунигтай байх вэ гэдгийг хүмүүс мэдэрсэн болов уу. Урлаг соёл гэдэг хүний тархи, оюуныг хөгжүүлж, соён гэгээрүүлдэг зүйл. Хөл хорионы дараа зохион байгуулагдсан тэмцээн уралдаанаас манайхан маш амжилттай оролцож байгаа. Хүнд амьдрах итгэл, бусдыг дэмжих, хайрлах сэтгэл үүнийг дагаад нэмэгддэг учраас урлаг, спорт гэдэг зүйл хүн байх утга учрыг сануулдаг хамгийн гол зүйлсийн нэг гэж би боддог. Тиймээс манай урлаг спортынхон зөв байж, бусдыг манлайлж, үлгэр дуурайл болж, чин шударга байгаасай, эерэг хандлагатай байгаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь тархи, оюуныг хөгжүүлдэг, сэргээдэг зүйл. Энэ хүмүүс чадаж байгаа юм чинь би ч бас хийж болох юм байна гэдэг санаа, сэдэл төрүүлэх нь хамгийн чухал зүйл. Хүмүүсийг өөр өөрсдийгөө нээж, таньж мэдээсэй гэж дандаа хүсэж явдаг даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд хүсэж байгаа оргилдоо хүрэх өндөр их амжилтыг хүсье. 

-Баярлалаа. Та бүхэнд ч мөн амжилт хүсье. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гантөмөр (150.129.140.122) 2022 оны 11 сарын 08

Мундаг багш мөн мундаг удирдагч хүндээ бүжгийн спортод үнтэй хувь нэмэр оруулж яваа хүн \nАжилд нь амжилт \nАмьдралд нь эрүүл энх аз жаргалын дээдийг хүсэн ерөөе

1  |  0
Зочин(192.82.80.159) 2022 оны 11 сарын 08

Маш сайхан ярилцлага бна. Мундаг дэглээч багш шүү. Ажил амьдралд нь амжилтын дээдийг хүсье

1  |  0
zochin(43.242.243.154) 2022 оны 11 сарын 07

halh atmana purebe gej shine shorongin rekt garj irlee.

1  |  0
Top