Б.Батбаатар: Э.Одбаяр бусдыг гүтгэн илт худал мэдээлэл тараасан нь нотлох баримтаар тогтоогдсон

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй "No War" хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр нарт холбогдох  шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр /2022.11.08/ шүүхийн шийдвэр гарлаа. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатараас тодрууллаа.


-Э.Одбаяр тэргүүтэй 5 хүнд холбогдох шүүх хурал болж, шүүх шийдвэрээ гаргалаа. Иргэн Э.Одбаярын хувьд Ерөнхий сайдыг гүтгэсэн гэсэн хэргээр шалгагдаж байна. Яг ямар мэдээлэл түгээсэн юм бэ?

-Би шүүх хурал дээр хохирогчийн төлөөлөгчөөр оролцлоо. Иргэн Э.Одбаяр нь  Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйл буюу бусдын нэр хүндийг санаатайгаар гүтгэх, мэдээлэл тараасан,  23 дугаар зүйл буюу “Хууль сахиулагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн”  хоёр зүйл ангиар шүүгдэж байсан. Тусдаа байсан энэ хоёр хэргийн субъект нь нэг гэдэг утгаараа нэгтгэсэн юм байна. Э.Одбаяр нь  өөрийнхөө твиттер болон фейсбүүк хаягаар дамжуулан “Аймшигтай юм, Э.С-ийг санаатайгаар машинаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б нь Ерөнхий сайдын хүн. Ерөнхий сайдын  хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ. Хохирогч Э.С-ийн биеийн байдал хүнд байна. Энэ хэргийг ямар зорилгоор олон нийтээс нууцалж байна вэ? ЦЕГ-аас мэдээлэл шаардаж байна. Гэмгүй хүмүүсийг элдвээр гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөхдөө түргэн шуурхай нөхдүүд биз дээ. Яагаад энэ хэргийг тас дарчхаад байна ” гэсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын зураг,  зам тээврийн ослын бичлэгийн хамт цахим хуудсандаа оруулсан байсан. Энэ мэдээлэл цацагдсаны дараа  МАН-ын Хуулийн хэлтсээс Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан талаар тодруулах албан бичиг явуулсан юм билээ. Энэ дагуу Нийслэлийн прокурор хохирогчоор Ерөнхий сайдыг тогтоосон байдаг.

-Гэхдээ хэрэгт холбогдогчид дайныг эсэргүүцсэн, жагсаал цуглаан хийснийхээ төлөө ял авах гэж байна гэсэн агуулгатай мэдээллийг тараагаад байгаа шүү дээ?

-Шүүх хуралд миний бие хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон. Нөгөө тал найман өмгөөлөгч, таван шүүгдэгчтэй оролцож, гэм буруугүйгээ нотлох гэж  бүхий л талаас мэдээллүүдээ гаргасан байгаа. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд “Дорнод аймагт болсон авто ослын хэрэгт Ерөнхий сайд буруугүй, уг осол гаргасан этгээд Ерөнхий сайдтай хамааралгүй, хэргийг ямар нэгэн байдлаар нуун дарагдуулаагүй” гэдгийг тогтоосон.  Шүүх хуралд оролцсон хүний хувьд хэлэхэд ямар нэг жагсаал цуглаан хийсэн, үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг үндэслэлээр Э.Одбаяр болон бусад шүүгдэгчид ял шийтгэл аваагүй.

-Улсын яллагч Э.Одбаярт 1.9 жил хорих ял санал болгосон гэсэн. Гэтэл яагаад шүүхээс  зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм бэ?

-Шүүхээс Э.Одбаярын гэм буруутайг нотлох баримтад үндэслэн  тогтоосон бөгөөд  Улсын яллагч 1.9 жил хорих ял санал болгосон.  Ерөнхий сайдын бие төлөөлөгчийн хувьд би энэ ялыг торгох буюу өөр шийтгэлээр хөнгөрүүлж өгөх саналаа шүүхэд гаргасан.  Шүүх бүрэлдэхүүн хуралдаад Э.Одбаярт 1.2 жил зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top