Хууль, хяналтын байгууллагаас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан 87 этгээдийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал "Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 20 гаруй мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас 6 прокурор хяналт тавьж ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш чанаргүй зээлтэй холбоотой асуудалд нийт 43 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зээл олгох үйл ажиллагаа холбогдох хууль болон дүрэм, журамд заасны дагуу явагдсан эсэх, эрх бүхий албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлуудыг нарийвчлан шалгасан.
Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, нийт 87 хүн, 7 хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, Хахууль өгөх, Мөнгө угаах, Нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоо үлдсэн 28 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Дээрх эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан 15 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэгтгэн шалгах үндэслэл тогтоогдсон 14 хэргийг нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулна.” гэж заасны дагуу 14 хэргийг нэгтгэж, нийт 2 мөрдөн байцаалтын хэрэг болж шалгагдсан. Ажлын хэсгээс дээрх 2 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, нийт 463 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус прокурорын газарт ирүүлсэн байгаа. Одоо прокурор хянаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хашиж байсан ажил, албан тушаалын байдлаар нь авч үзвэл дээрх 2 хэрэгт улс төрд нөлөө бүхий 5, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 53, бусад төрийн байгууллагын албан тушаалтан 3, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 26 хүн яллагдагчаар татагдсан" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )