"Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-ноос "MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP" холимог тулааны 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 18 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харьяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.
Б.Цэндсүрэнгийн хувьд найман удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялж байжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, чадвараа үзүүлэх нь.
Түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас зургууланд нь ялсан амжилттай тамирчин.
Тэмцээн арваннэгдүгээр сарын 19-нд болох ба нийт есөн тулаантай. Үүний долоог нь холимог тулааны, хоёрыг нь өсвөрийн кик боксын дүрмээр явуулна.
Тэмцээн зохион байгуулж буй "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-г 2009 онд Ж.Нарантунгалаг, Ч.Махбал, Ө.Гантөмөр, Б.Галбаатар, Ч.Наранбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулжээ. Тэд мэргэжлийн тулааныг Монголд хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчин бэлдэх, хүүхэд залууст зөвөөр таниулах, тэмцээн зохион байгуулах зорилготой.
Тус холбоо MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP нэртэй аваргын бүсийн төлөөх тулааныг 18 удаа, MGL-1FIGHT NIGHT ранг өсгөх тулааныг 5 удаа, нийт 23 тулааныг 13 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна.
Тэмцээнээ анх мэргэжлийн кик боксын дүрмээр зохион байгуулсан бол 2010 оноос хойш холимог тулааны төрлөөр аваргаа шалгаруулж эхэлжээ.
Энэ хугацаанд холимог тулааны кик боксын аварга Ж.Нарантунгалаг Ази Номхон далай орнуудын "Legend FC" аваргын бүс, "ONE CHAMPIONSHIP" холбооны дэлхийн аваргын бүсийг авч Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.
Мөн тус холбооноос зохион байгуулсан тэмцээний аваргууд тив, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, АНУ-ын UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, "One championship" холбоонд 57 кг жингийн аварга О.Пүрэв, 70 кг жингийн аварга Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтага, БНСУ-ын холимог тулааны Road холбоонд 61 кг жингийн аварга МУГТ Б.Дамланпүрэв, 70 кг аварга Х.Амартүвшин, 57 кг жингийн аварга О.Отгонтулга, 77 кг жингийн аварга Б.Батсүмбэрэл зэрэг аваргууд Монгол Улсын нэрийн өмнөөс тулалдсаар байна.
Тулаан болох 57 кг жинд 13 жилийн турш 3 аварга байсан бөгөөд Р.Отгонтулга 2 удаа, О.Пүрэв 1 удаа, н.Сүхбат 1 удаа тус тус аваргын бүсийн эзэн болж байсан юм.
ТЭМЦЭЭН БОЛОХ ХУГАЦАА: 2022.11.19-ны 17:00 цагт
ТЭМЦЭЭНИЙ БОЛОХ БАЙРШИЛ: Crocus event hall
ТЭМЦЭЭНИЙГ ТВ8 ТЕЛЕВИЗ ШУУД ДАМЖУУЛНА
MGL-1FIGHTING CHAMPIONSHIP №18 2022 он MMA 57 KG CHAMPION АВАРГЫН БҮСНИЙ ТУЛААНД ранга өсгөх тулаан хийх тамирчид:
Сэтгэгдэл ( 1 )
manaid ogt zohihgui sport