Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь гэрэл зурагчдын чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг гурав дахь удаагаа Монголын гэрэл зурагчдын дунд зарлан хэрэгжүүлсэн билээ.
Тус хөтөлбөрт энэ жил гэрэл зурагчдаас Б.Бямба шалгаран, гурван сарын хугацаатай Швейцарын Вале мужид байрлаж, гэрэл зургийн урлангийн хөтөлбөрт хамрагдан олон улсын гэрэл зурагчидтай хамт тэндхийн хүрээлэн буй орчин, байгаль, нийгэм, хүмүүсийн гэрэл зургийг дурандаа буулгаж, куратор Алфио Томмасинитай хамтран ажилласан.
3 дахь удаагийн СМАрт урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд гэрэл зурагчин Б.Бямбын анхны бие даасан “Нууц мэдрэхүй” үзэсгэлэн нь 2022 оны 11-р сарын 11-нээс 25-ныг дуустал “Улаан гэр” бүтээлч орон зайд олон нийтэд нээлттэйгээр дэлгэгдэх болно.
Гэрэл зурагчин Б.Бямбын тухайд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Түүний урын санд хөрөг зураг болон гэр хороолол, хотын захын өдөр тутмын амьдрал, гудамжны зураг зонхилно. “Хаалганы монолог” хэмээх сүүлд хийсэн бүтээлдээ тэрээр гэр хороололд байх өвөрмөц, гоёмсог хаалгануудаар дамжуулан оршин суугчдыг нь дүрсэлсэн байдаг. Түүнчлэн Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан (FDDM), СМАрт хөтөлбөр, Риверберо болон Монголын Урлагийн Зөвлөлийн хамтран хэрэгжүүлсэн гэрэл зургийн урлан хөтөлбөрт хамтрагдан Швейцар улсын Поскиавод 3 сарын турш байрласан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд өөрийн анхны “Нууц мэдрэхүй” үзэсгэлэнгээ гаргаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Томоос том баяр хүргье