С.Чинзориг: Малчид алийн болгон малаа туугаад, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг явах юм бэ

2022 оны 11 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.10/ хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Чинзориг отрын малчдын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад хандаж хэллээ.


Тэрээр хэлсэн үгэндээ “Отроор явж байгаа малчдын нөхцөл байдал амаргүй байгаа асуудал гарч байна. Өвөрхангай аймгийн оторчдын асуудал ТВ5 телевизээр гарлаа.

Малчдын хөдөлмөр амаргүй шүү дээ. Нар, салхинд илэгдэж явдаг, цаг наргүй хөдөлмөр.

Мал аж ахуйн онцлог нь хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ гэдэг зарчмаар л мал аж ахуйн үйлдвэрлэл явж ирлээ. Энэ зарчмаар мал аж ахуйн үйлдвэр явах боломжгүй болчихлоо.

Тиймээс Засгийн газар, Онцгой комис, Хүнс хөдөө аж ахуйн сайд энэ асуудалд онцгой анхаарч, отрын малчдыг хөөж туухгүй байх, очсон нутагт нь ая тухтай өвөлжүүлж, хаваржуулаад, хавар тохирсон хугацаандаа нутаг буцаах, тодорхой шийдвэр гаргаж, отроор яваа малчдаа онцгой анхаармаар байна.

Алийн болгон хэдэн малчид чинь малаа туугаад, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг орох орон байргүй явах юм бэ.

Энэ Өвөрхангай аймгийн малчид чинь нутгаасаа гараад сар гаруй боллоо. Гэр орноо бариад ая тухтай амарч чадахгүй, машин дээрээ эсгий овоолоод тэр дотроо унтсан болоод амарч ч чадахгүй сар гаруй явж байна.

Би УИХ-ын чуулган дээр ч хэлсэн, Шадар сайдад ч өөрийн биеэр хэлсэн. Бид шийдвэрээ гаргачихсан гэдэг. Гэтэл энэ шийдвэр чинь хэрэгжихгүй байна.

Булган, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар малын халдварт өвчин зун гарсан гээд 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл отор хүлээж авахгүй гэсэн захирамжтай, ингээд сумдын удирдлагууд нь хөдөлдөггүй, ийм л нөхцөл байдалтай байна.

Энэ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа Монгол орны зовлон байна шүү дээ. Тиймээс Онцгой комис, Хүнс хөдөө аж ахуйн сайд өвөлжилтийн байдлыг авч үзэж, отрын малчдад тодорхой бүс нутаг гаргаж өгөх, очсон бүс нутгаас нь хөөж туухгүй байх, тодорхой шийдвэр гаргаж өгөөч ээ. Яаралтай Засгийн газар авч хэлэлцэж, анхааралтай шийдвэр гаргахгүй бол оторчид маш хүнд байдалтай байгааг зориуд хэлье" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малчин (64.119.22.209) 2022 оны 11 сарын 13

Хариуцлаггүй уул уурхайг зогсоож уур амьгалын өөрчлөлттэй тэмцэхгүйгээр отор нүүдэл яриад хол явахгүйээ аймаг сумдын нутагууд ээлж дараалан адилхан болно.

0  |  0
Зочин(192.82.81.12) 2022 оны 11 сарын 11

МАЛЧИД ЗУН НАМРЫН УЛИРАЛД ӨВС,БОРДОО, ТЭЖЭЭЛЭЭ ХАНГАЛТТАЙ БЭЛДЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ. ЯМАР БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙХГҮЙ ЗУН НЬ ХОТОД ИРЖ НАЙМАА ХИЙЖ НАМАР НЬ НААДАМ ХЭСЭЖ ТЭНЭЭД АЙРАГ АРХИ УУЖ ТЭНЭЖ ТЭНЭЖ ӨВӨЛ БОЛОХООР Л МАЛТАЙГАА МЭДСЭН ЮМ ШИГ ХАНДИВ ТУСЛАМЖ НЭХЭЖ БАЙДАГАА БОЛИУЛ ТААРНА. ТЕХНИК ТЕХНИЛОГИ ХӨГЖСӨН ЭНЭ САЙХАН ЦАГ АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА ӨВС ХАДЛАНГАА БАЖААЖ АВАХ НЬ МАЛЧДЫН ХЭРЭГ БИЗДЭЭ. ЖИЛИЙН ЖИЛД Л ХУДЛАА ХУЦААД УЛСААС БААХАН ТУСЛАМЖ АВНА бүүр авахын донтой

0  |  0
Зочин(192.82.76.232) 2022 оны 11 сарын 11

Идэх хоолгүй шахуу байхад нь баахан өлөн хоноц ирвэл энэ поп Чинзориг хооллоод л байх уу. Үгүй шдээ.

0  |  0
(73.37.56.46) 2022 оны 11 сарын 10

Наад хэдэн мал дагасан махнууд чинь монгол улсыг жинхэнэ хорлож байна аа. Сонгуулиар дандаа хулгайч луйварчидыг пялдагдөн сонгоно, өөрийнхөө өмчийг бусдаар....

0  |  0
Top