Монгол сурагчид “Гран клавир” өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцов

2022 оны 11 сарын 14

Монгол Улсын Соёлын Элч, Соёлын тэргүүний ажилтан, Мадрид хотын Хөгжмийн төв консерватори “Аманиэл” -ийн төгөлдөр хуурын багш Д.Мэндмаагийн санаачлагаар Испани Улсад 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй өсвөрийн төгөлдөр хуурчдын “Гран Клавир” олон улсын тэмцээн 2022 оны арваннэгдүгээр сарын 03-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.

Энэ удаагийн уралдаанд Испани, Португал, Орос, Монгол, Украин Улсын нийт 22 сурагч гурван ангилалд ур чадвараа сорьсноос Монгол Улсын Консерватори сургуулийн сурагчид амжилттай оролцон шагналт байрууд эзлэв.
 

Элчин сайд У.Нямхүү шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ багш сурагчдад баяр хүргээд олон орны хүүхэд багачуудын хөгжмийн боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй дэмжигч байгууллагуудад, мөн хаан хөгжмөөр дамжуулан Монгол Улсаа хилийн чанадад сурталчлахад чухал хувь нэмэр оруулж буй зохион байгуулагч, санаачлагч, Монгол Улсын Соёлын Элч Д.Мэндмаад, Монголоос зорин ирж оролцон үндэснийхээ сор бүтээлээс гадна дэлхийн сонгодог хөгжмийг толилуулсан авъяаслаг сурагч багачууддаа тус тус талархал илэрхийлэв.

Тэмцээний шүүгчээр Соёлын элч, багш Д.Мэндмаа, Хатан хаан Софиягийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн багш Вадим Гладков, Вена хотноо уран бүтээлээ туурвиж буй төгөлдөр хуурын багш Наталъя Петрушенко, Валенсиа хотын хөгжмийн дээд сургууль ЭСМАР-ын Төгөлдөр хуурын тэнхмийн захирал Рубэн Талон, Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн тэнхмийн захирал Г.Ганчимэг нар ажилласан байна.

Энэхүү тэмцээн нь гадаадын олон орны өсвөрийн төгөлдөр хуурчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээн, фестивалд уригдах, цаашлаад мэргэжлийн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах боломжийг нь нээж өгөхөд чухал ач холбогдолтой болж, жилээс жилд цар хүрээ нь тэлж буй юм.

Дашрамд дурдахад энэхүү тэмцээнийг зохион байгуулахад  Испанийн Алкала дэ Энэрас хотын Их сургууль, тус хотын захиргаа, Испанийн Хөгжмийн зохиолчдын холбоо, төгөлдөр хуурын HINVES PIANOS дэлгүүр, Мадрид болон Алкала дэ Энэрас хотын Консерватори, Испанийн Залуучуудын холбооны Хөгжмийн боловсролын салбар байгууллага, “Гран клавир” урлагийн нийгэмлэг, испани болон гадаадын олон хувь хүмүүс ивээн тэтгэж дэмжлэг үзүүлдэг бөгөөд Alcala de Henares хот нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн хот юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top