Монгол Улсын хүний Эрхийн Комиссоос “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн хэрэгжилт” судалгааг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Цаглашгүй мэдлэг” Төрийн бус байгууллагатай хамтран хийж дууссан байна.
Тус судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр /2022.11.15/ болсон бөгөөд хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч, Л.Оюунаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Нийт 13 эрхийн хүрээнд аль эрх зөрчигдөж байгаад судалгаа хийсэн. Ингэхэд ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар хувийн нууцаа хамгаалуулах, мэдлэг ойлголт эзэмших, боловсрол эзэмших зэрэг эрхийн зөрчил зонхилж байна.
Үүнээс нэн тэргүүнд жирэмслэлт болон төрөлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт их, дээд сургуулиудад байна. Түүнчлэн их, дээд сургуулийн орчин дахь бэлгийн дарамтыг судалж үзэхэд судалгаанд оролцогчдын 83 хувь нь буюу гурван оюутан тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр бэлгийн дарамтад өртсөн гэж хариулсан.
Бэлгийн дарамт бол олон хэлбэр, шинж агуулдаг. Тухайн хүнийг зөвшөөрөөгүй үед биед нь хүрэх, бэлгийн шинжтэй онигоо ярих зэрэг нь бэлгийн дарамтын нэг хэлбэрт тооцогддог.Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10 хувиас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн гэж байгаа нь нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол оюутан залуучуудын дунд хангалтгүй байгааг илэрхийлж байна. Мөн охидын гурав орчим хувь нь оюутан байхдаа жирэмсэн болж байсан зэргээс үзвэл, оюутан залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )