Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ сарын 20-ний өдөр "Мөнх тэнгэр" нэртэй хөгжмийн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.
Их эзэн Чингис хааны тухай өгүүлэх "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны 30 жилийн ойд зориулан тоглогдох гэж буй энэхүү тоглолтын үеэр тус киноны хөгжмийг анх удаагаа бүрэн эхээр нь "Улсын Филармони"-ийн симфони найрал хөгжимчид болон "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид тоглож байгаагаараа онцлог.
Мөн "Тэнгэрийн хүлэг" хэмээх хөгжмөн туульсыг "Анир поп оркестр" болон "Морин хуурын чуулга"-ын хөгжимчид, найрал, гоцлол дуучид, "Увертура" хамтлаг хамтран анх удаагаа үзэгчдийн хүртээл болгоно.
Эдгээр суут бүтээлүүдийг туурвисан нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өөрөө бүтээлүүдийнхээ тухай тайлбар хийж, үзэгч, сонсогчдоо мэдрэмжийн их далайд хөтөлнө. Түүний ийнхүү бүтээлээ тайлбарлан үзэгчидтэйгээ холбогдсон тоглолтууд тун ч өвөрмөц хийгээд дахин давтагдашгүй мэдрэмжийг үзэгчдэдээ үлдээдэг билээ.
Долоон нотонд багтаан түүхийн бүхий л үйл явдлыг утга төгөлдөр илэрхийлж чаддаг тэрээр "Мөнх тэнгэрийн хүчин дор" ийнхүү суут бүтээлүүдээ эгшиглүүлэх гэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Суут бүтээл зөвхөн Моцарт-д л байдаг юун Жанцанноров бэ ?