29-Р СУРГУУЛИЙН БАГШ: Хүүхдүүд өвөл нь ДААРЧ, зун нь УСАНД АВТСАН ангид хичээллэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

2017 онд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн сурагчид бослого гаргаснаас хойш таван жилийн хугацаанд хүүхдийн эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт үргэлжилсээр байгаа талаар тус сургуулийн багш нар дэлгэж, мэдээлэл хүргэлээ. 

Тодруулбал, Тус сургуульд сурагчдын хичээллэх анги танхимын дээврээс ус гоожиж, өвөл маш хүйтэнд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ  талаар сургуулийн багш нар удирдлагууддаа удаа дараа хэлж, шаардлага тавьж байсан ч багшийн биед халдаж, ажлын байрны дарамт үзүүлжээ.

Энэ үйлдлийг хүний эрхийн зөрчил хэмээн үзэж, хохирсон багш нар өнөөдөр /2022.11.21/  мэдээлэл хүргэсэн юм.

29-Р СУРГУУЛИЙН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ: 

-Би түүх, нийгмийн ухааны багшаар энэ сургуульд 16 жил ажиллаж байна.

2017 оны гуравдугаар сард манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд "Бүх үйл ажиллагаагаа дохионы хэлээр явуулж өгнө үү" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан. Түүнээс хойш таван  жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Гэвч ямар ч ахиц дэвшил гарсангүй.  Сонсголгүй хүүхдүүд, эцэг эхчүүд нь холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага тавьсан ч одоо хүртэл шийдэгдэхгүй байна. Яагаад сонсголгүй хүүхдүүдийн цорын ганц сургуулийг авч хэлэлцэж чадахгүй байгаа юм. Бид үүнийг ялгаварлан гадуурхалт гэж үзэж байна. 

2017 оноос хойшхи 68 сарын хугацаанд 10 удаа захирлын томилгоо хийсэн. Өнөөдрийн байдлаар бас л захиралгүй үйл ажиллагаа явуулж байна. Дунд ангийн сургалтын менежер н.Анхтуяа нь захирлын үүргийг гүйцэтгэж байна.  Сургалтын менежерийг бага ангид 4 удаа сольсон. Ахлах дунд ангид 5 менежер, тавхан жилийн дотор 9 менежер солигдсон. 

МАТЕМАТИКИЙН БАГШ Н.УРТНАСАН:

-Би тус сургуульд 21 дэх жилдээ математикийн багшаар ажиллаж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагт өглөө ажилдаа ирэхэд анги маш хүйтэн байсан. Би удирдлагуудад хэлсэн. Зөвхөн тэр үед ч санал тавиагүй, өнгөрсөн жил ч удирдлагуудад шаардлага тавьсан. Гэтэл анги нь хүйтэн байвал цонхтой цаг дээр дулаан анги руу сэлгэж суу гэдэг байсан. Сургуулиас 100 айл ойрхон учраас багш нар өөрсдөө дулаалгын материал аваад цонхоо дулаалж байна. 

Мужаан орж ирээд гурван цонхны хоёрынх нь түгжээг сольсон. Төд удалгүй цахилгаанчин, аж ахуйн дарга нарын дөрвөн хүн орж ирээд, цахилгаанчин нь наачихсан байгаа цонхыг нээх гэж оролдсон. Тэгээд намайг цонхныхоо түгжээд идсэн гээд орилсон. Би биеэ хамгаалах гээд утсаа бариад "Бичлэг хийж байна" гэтэл утас унагаад, намайг үсдэж, толгой руу цохисон. 

Манай сургууль хүйтнээс гадна 3 давхрын нийт 14 анги, коридорууд усанд автдаг. Хавар засвар хийгээд явдаг. Намар усанд автчихдаг. 9-р сарын 1-ний өмнөх өдөр бид сургуулийн шохойтой зууралдаад байж байдаг. Нэг 4, 5 хувингаар ус тосчихсон байдаг. Багш нар өөрсдөө засвар хийдэг. 

Яагаад сургууль хүйтэн юм бэ, ус алдаад байгаа вэ гэхээр удирдлагын тогтворгүй байдалтай холбоотой. Яам нь захирлыг халдаг, нөгөөх нь шүүхдээд ороод ирдэг. Сургалтын менежерийг захирлаар тавихаар сургалт руугаа анхаарах уу, дулаан руу анхаарах уу гээд маш хэцүү. Хүүхдүүд маань зузаан хувцастай, халуун цай барьчихаад чичрээд сууж байна. 

Олон жил харлаа, тэвчлээ. Миний биед халдсан болохоор ч биш бид хэлье гэж бодож байсан. Удирдлагыг сургууль дотроос биш гаднаас боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, хөгжлийн ялгаатай байдлыг ойлгодог, ганцааранг нь биш баг хамт олноор нь томилж өгөөч гэж хүсэж байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.122) 2022 оны 11 сарын 21

Энэ сургуулийг яагаад хаячихаад байдаг юм бол доо, ашиг (мөнгө) авчирдаггүй гэж үздэгээс л тэр юм болов уу даа !!!

0  |  0
Top