ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа санаачилгаар “Үлгэр домог, өв соёл- 2022” төслийг Соёлын яамны “Соёл, урлагийг дэмжих сан”-гийн дэмжлэгтэй “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” төрийн бус байгууллагаас жишиг төсөл хэлбэрээр хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд 2022 оны есдүгээр сарын 17-оос арваннэгдүгээр сарын 10-ыг хүртэл 15 үйл ажиллагааны хүрээнд 140 гаруй арга хэмжээг зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 6000 гаруй сурагчийг, үзэсгэлэнгийн арга хэмжээг оролцуулаад 8100 сурагчийг амжилттай хамрууллаа.
Төслийн хүрээнд,
Энэ жилийн “Үлгэр домог, өв соёл” төслийг “Хүн, байгалийн харилцан шүтэлцээ” сэдвийн доор зохиож, сэдвийн дагуух үлгэр домог, сургамжит зохиолуудыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сонгож, салбар салбарын хүмүүсээр уншуулж, хүүхдүүдтэй харилцан ярилцлаа.
Түүнээс гадна өв соёлыг таниулах, түгээх ажлын хүрээнд тууль хайлуулж, монгол аман зохиолын онцлогийг таниулах үлгэрүүд ярилцах, түүнээс сэдэвлэн бүтээл туурвих, тайзны урлаг буюу хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолтоор агуулгыг хүргэх, сурагчид өөрсдөө засаж бэлтгэсэн тайзан дээрээ өөрсдийн гараар урласан баатруудаа амилуулах зэргээр хүүхдийн оролцоо, бүтээлч байдлыг дэмжсэн олон арга хэмжээ зохиосон юм.
Төслийн хаалтын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 23-нд Гадаад харилцааны яаманд болж, энэ жилийн төслийн тайлангаа танилцуулж, үр дүнгээ хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )