Д.Жаргалсайхан: “Спортын сорил” нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ зам нээх болно

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны (БТСУХ) дарга Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Та Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдоод 5 сар орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Манай агентлаг нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх хүрээний Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай 2020 онд байгуулагдаад хоёр жил болсон ба энэ оны долоодугаар сард Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, Монгол Улсын сайдын удирдсан олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо байгуулагдан, спортын салбарын ажлыг эрхэлсэн сайд хариуцахаар болж өөрчлөгдсөн. Эдгээр бодлогын болоод бүтцийн өөрчлөлт нь спорт руу илүү их анхаарсан, алсыг харсан дэмжлэгийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд юм. УИХ, Засгийн газраас биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагын эрх, боломжийг энэчлэн үе шаттай нэмэгдүүлж, анхаарал тавьж байгаад бид баяртай байна. Одоо БТСУХ-ны ажлыг сайжруулан, өндөр түвшинд хүргэн иргэд, олон нийт, төр засгийн зүгээс харж буй хүлээлтийг биелүүлэн, үр дүн гаргах явдал чухал байна.  Хорооны ажлыг буюу биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын ажлыг  бид иргэн бүрд, өрх гэр бүл, баг, хороо, сум, дүүрэгт хүргэх зорилт тавьсан.  

Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, спортоор дамжуулан хүн амын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэхийг үүрэг болгосон. Засгийн газраас дэвшүүлсэн нийгэмд  эерэг хандлага төлөвшүүлэх, харилцааны соёлтой байж, эрүүл идэвхтэй амьдралыг сахих, ёс зүйтэй байх, манлайллыг биеийн тамир, спортын салбараас түүчээлэн хэвшүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс энэ талын ажилд ихээхэн ач холбогдол өгч, салбарын бүх дүрэм, журам, төлөвлөгөө, шийдвэр зэрэг бичиг баримтад тусган, амьдрал дах үйл ажиллагаандаа дадал болгон хэрэгжүүлж байна.

Монгол үндэстний эрүүл мэнд нь манай салбарын ажлаас тодорхой хэмжээгээр хамаардаг. Иймээс иргэдийг эрүүл чийрэг байлгах, хөдөлгөөний хомсдол ба түүнээс үүдэлтэй таргалалтыг бууруулах, бие махбодыг нь чийрэгжүүлэн, өвчинд өртөхгүй байлгах, ажлын чадвар, бие бялдар сайтай иргэнийг төлөвшүүлэн, хөгжүүлэх явдал их чухал. Энэ талаарх ажилдаа салбар дундын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудтай түлхүү хамтран ажиллах, өсвөр залуу үеийнхний бие бялдрыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж, тодорхой хамтын ажиллагааг амжилттай эхлүүлээд байна. 

Биеийн тамир, спортын салбарын ажлын хамгийн гол үзүүлэлт бол тив, дэлхийн тэмцээнээс олон медаль хүртэхийг зөвхөн чухалчлахгүйгээр харин  Монгол Улсын хүн амын “Спортоор тогтмол хичээллэгсдийн хувийг нэмэгдүүлэх” явдал байдаг. Одоогоор Монголын хүн амын хэдэн хувь нь спортоор тогтмол хичээллэж байгаа тухай нотолгоотой тоон судалгаа, баримт алга. Долоо хоногт 3 удаа 60 минут спортоор хичээллэж байгаа хүнийг тогтмол хичээллэгчид тооцдог. Удахгүй энэ хувийг судалгаагаар тогтоон гаргана. Цаашид тогтоосон хувиа  жил бүрээр ахиулах зорилтыг бүх түвшинд тавьж ажиллана. Ингэснээр бид үр дүнд суурилсан үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Манайтай ижил төстэй гадаадын зарим орны иргэдийн 30-35% нь спортоор тогтмол хичээллэж байгаа судалгаа бий. Харин өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт иргэдийн 60-70 хувьд хүрсэн байна. Иймээс нийтийн биеийн тамирын чиглэлээр дорвитой ажил, бодлоготой үйл ажиллагаа явуулж байж, гадаадын орнуудын дундаж түвшинд хүрнэ.

Энэ зорилтод хүрэхийн тулд салбарынхаа багш, дасгалжуулагч, ажилтан нараа сургах, ажлын байрыг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Түүнчлэн гадаадын оронд биеийн тамирын боловсон хүчин бэлтгэх, оюутан сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр зарим орны спортын болон боловсролын байгууллагатай ярилцаж гэрээ, төлөвлөгөө гаргасан. Одоо сургах хүүхдүүдээ сонгох, хэлний бэлтгэлийг хийлгэх ажил руу орж байна. Бидний ажлын гол хөдөлгөгч хүч нь багш, дасгалжуулагч, спортын ажилтан нар юм.

Манай хорооны бодлого, үйл ажиллагааны хүрээнд хийх тодорхой ажлыг “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байгаа. Мөн УИХ-ын Чуулганд өргөн барьсан 2022-2030 оны нийгмийн хөгжлийн зорилтод хөтөлбөрт манай салбарын асуудлыг явцуу хүрээнд оруулсныг өөрчлөн, өргөн хүрээтэй томьёолон байнгын хороодтой ярилцаж, оруулахаар ажиллаж байна. Харин одоо 2023 оны төсвийн төслөө хэлэлцүүлэн, хамгаалах ажилтай явна. Ирэх 2023 он бол олимпын эрхийн оноо авах чухал хариуцлагатай жил. Тиймээс Үндэсний шигшээ багийн төсвийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, спортын зардлыг ахиулах шаардлагатай байгаа. Бүх ажил зохион байгуулалтаас гадна төсөв, мөнгөтэй холбоотой хэрэгждэг.

Энэ мэтчилэн  салбарын хэмжээнд тулгамдаж байгаа бусад асуудлаа өөрсдөө шийдэхийн зэрэгцээ Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд уламжлан тавьж, хамтран хөөцөлдөж байна. Удахгүй олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан болно. Энэ хуралд орох хорооны ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулан ажиллахаар төслийг хамтран боловсруулсан. Хорооны хийх ажлын хөтөлбөр, хөгжлийн төлөвлөлт нь биеийн тамир, спортын салбарт ихээхэн чухал үүрэгтэй бичиг баримт болно.

-Таныг ажил хүлээж авснаас хойш олон жил маргаан дагуулсан допингийн асуудалд зүг чиг болох “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдлаа. Энэ тухай та тодорхой мэдээлэл өгөөч?

-Аравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд бид “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг хэлэлцүүлж, батлуулсан. Манай хорооноос энэхүү дүрмийн төслийг эрхлэн боловсруулж, төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэм”-тэй нийцүүлэн хянуулж, хэлэлцүүлэн батлуулахаар зөвлөмжийг авсан.

Энэ дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээний тэмцээн болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, зөрчлийг зохицуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд нь допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломжийг бүрдүүлж өгөх юм. Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, салбар хоорондын ажлын уялдааг хангах, эрх зүйн орчин бүрдэж байна. 

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд спортоор хичээллэх орчин нөхцөл хэр байна. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

-Биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортын цогцолбор, заал барих, гадаа талбай байгуулах, алхах, гүйлт, дугуй, аяллын замтай болох асуудлууд идэвхтэй яригдаж, аймаг, нийслэлийн удирдлагууд нь энэ талаар ихээхэн санаачилгатай ажиллаж, бид хамтран ажил хэрэг болгоод явж байна. Салбарын хэмжээний спортын хөрөнгө оруулалтын барилгын ажлыг манай хороо хариуцан 2022 онд улсын хэмжээнд 30 спортын барилга байгууламжийн төслийн захиалагчийн үүргийг гүйцэтгэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа. Тэдгээрийн  15 барилга нь спортын цогцолбор (үүнээс 7 барилга усан бассейнтай), 15 нь спортын заалны зориулалтай баригдаж байна. Эдгээр байгууламж нь Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Увс, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатарын (Хан-уул, Налайх, Баянзүрх, Сүхбаатар, Багахангай дүүрэг) гэхчлэн 17 аймаг, нийслэлийн дүүрэгт баригдаж байгаа.

Ажлаа хүлээж авснаас хойш бид 12 аймагт томилолтоор ажиллаж, барилгын ажлын хяналтаа мэргэжлийн түвшинд явуулж байгаа эсэх болон гүйцэтгэлийг газар дээр нь очиж танилцан, барилгын компаниудтай байнгын холбоотой тулж ажиллан, энэ онд Ховдын Мянгад, Увсын Тариалан, Хэнтийн Дадал суманд спортын заалыг ашиглалтад  оруулаа. Удахгүй  Архангайн усан бассейн, Дархан-Уул аймгийн 2,200 хүний суудалтай спорт цогцолбор, Баянхонгор аймгийн спорт цогцолбор зэрэг удааширсан барилгуудыг оны сүүлчээр ашиглалтад оруулна. Ялангуяа 2012 онд эхлүүлсэн Дархан-Уул аймгийн спорт цогцолборын барилга дээр байнгын хяналт тавин, аймгийн удирдлагууд болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагуудтай хамтран, ажлын хэсэг гарган, барилгыг аль болох богино хугацаанд үе шаттай дуусган, хүлээн авах чиглэлээр санаачилга гаргаж байна. 

Улсын хороондоо барилга хариуцсан инженер шинээр авч, энэ чиглэлийн ажлыг даалган, мэргэжлийн байгууллагууд, гүйцэтгэгч компаниудтай ойр ажиллах боломжийг бүрдүүлснээр спортын салбарын хөрөнгө оруулалт нь одоогийн байдлаар 60 гаруй хувийн хэрэгжилттэй явж байгаа нь бусад салбарын барилгуудаас улсын дунджаас илүү ахицтай явж байгаа талаар Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд манай ажлыг үнэлсэн. Гэхдээ бусад салбарын барилгын ажилтай адилхан бараа материалын үнийн өсөлт, олдоц, татан авалт зэрэг асуудлыг эс тооцвол спортын бүтээн байгуулалтын ажил нь өмнө үеэ бодвол дэвшил гарч, хөдөлж эхэлсэн байгаа. Цаашид зарим асуудалтай барилга бүр дээрээ тодорхой шийдвэр гаргаад явна.

-Энэ онд улсын хэмжээнд спортын гурван том наадам болж өнгөрлөө шүү дээ?

-Ковидын цар тахлын улмаас Монголын спортын гурван том наадмын цаг хугацаа, мөчлөгт өөрчлөлт орж, нэг жилд багтаан гурван томоохон наадмыг зохион байгуулах шаардлага бий болсон. Уг нь нэг жилд нэг л наадам явуулдаг байлаа. Ойрхон хугацаанд гурван гол наадмыг зохион байгуулахад зарим хүндрэлтэй асуудалтай нүүр тулах үе байсан. Гэхдээ салбарын хамт олныхоо нэгдмэл хүчээр, сайн оролцоо, зохион байгуулалттайгаар эдгээр наадмуудыг амжилттай хийсэн. Цаашид наадмыг сөөлжүүлэн дараалалд оруулан явуулна.

Монголын оюутны спортын V наадам гэхэд л 2020 онд эхлээд гурван удаа хойшилж байгаад энэ оны 4-5 дугаар сард спортын 10 төрлөөр явагдаж дууслаа. Наадамд нийтдээ 29 их, дээд сургуулийн 2,500 оюутан залуучууд, төлөөлөгчид хамрагдан оролцсон. Наадамд МУИС-ийн баг нэгдүгээр байрт орж, “Их засаг” ОУИС, “Мон-Алтиус” дээд сургууль удаах байрт шалгарсан.

Үүний дараа Монголын үндэсний спортын VII наадмаа 2022 оны наймдугаар сарын 10-14-нд Улаанбаатар хотноо “Хүй долоон худагт” зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн баг тамирчдыг хамрууллаа. Наадам үндэсний спортын 13 төрлөөр явагдсан. Нийт 561 багц медалийн төлөө шилдэг 2,500 орчим тамирчид шалгаран оролцлоо. Наадамд Орхон аймаг түрүүлэн, Налайх дүүрэг Улаанбаатарын багуудаа тэргүүлсэн амжилт үзүүлсэн. Энэхүү наадам нь үндэсний уламжлал, мал ахуйтай холбоотой явагддаг учраас алс холоос малчин иргэд олноороо ирэн оролцож, өргөн хүрээг хамарсан маш  сонирхолтой наадам болж өндөрлөсөн.

Харин манай спортын салбарын “Олимпын наадам” гэж албан бусаар нэрлэгддэг “Монголын бүх ард түмний XV наадам” зуны спортын төрлөөрөө энэ оны есдүгээр сарын 9-19-нд болсон. Наадам Засгийн газрын 183-р тогтоолын дагуу гурван үе шаттай явагдсан. Наадмын тэмцээнүүдийг өнгөрсөн хавар зохиож эхэлсэн боловч зарим зохион байгуулалтын асуудлаас болж, хойшлоод байсныг өмнө гаргасан зааврын нь дагуу хийсэн. Наадмын анхан шатны тэмцээнд 12,000 хүн, үүнээс шигшээ тэмцээнд 4,800 тамирчид, 400 дасгалжуулагч, 430 шүүгч, сайн дурын ажилтан, зохион байгуулагч нар нийтдээ 19,000 гаруй төлөөлөгч хамрагдсан. Наадмын шигшээ тэмцээнүүд спортын 17 байгууламжид, спортын 26 төрлөөр зохиогдож 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг тамирчид хурд, хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин, нийтдээ 624 багц медалийн төлөө өрсөлдсөн. Нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 99 тоот захирамжаар, наадмын Зохион байгуулах хорооны даргаар томилогдон, удирдан ажилласан.
 


-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд өөр ямар шинэлэг ажлууд төлөвлөгдөж байна вэ?

-Манай хорооноос эрхлэн нийтийн биеийн тамирын төрөл бүрийн ажлыг улсын хэмжээнд төлөвлөгөөний дагуу, сар бүр байнга зохион байгуулж байдаг. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Эрүүл Монгол” хөдөлгөөн, Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй эртэч Монгол” аян зэргийг нэрлэж болно. Эдгээр арга хэмжээний хүрээнд тодорхой ажлыг төв, орон нутгийн биеийн тамир, спортын төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсаар байгаа. 

Нэг чухал зүйл гэвэл, Монгол Улсад 1990 оноос өмнө мөрдөж байсан “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн” ХБХБ тэмдгийн хөтөлбөр болон БНСУ-д одоо мөрдөгдөж байгаа бие бялдрын сорилын туршлагыг үндэслэн, улсын хэмжээнд шинэ “Спортын сорил”-ын үзүүлэлтийг гарган, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр судалгаа, туршилт, төслийн ажлыг явуулж эхэлсэн. Шинэ ажлыг эхлүүлэхэд бэлтгэл ажил их чухал. Энэ сорилыг аваад эхлэхээр иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлж, илүүдэл жинг бууруулж, таргалалтыг хязгаарлах, бие бялдрын түвшнийг нь тогтоох, спортоор бие даан хичээллэж, зөв хооллох, хоол тэжээлийн калори болон эрүүл мэндийн мэдлэгтэй болох зэрэгт ихээхэн ашиг тустай ажил нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ арга, замыг нээж өгөх болно.

Энэхүү сорилыг БТСУХ-ноос эрхлэн турших, хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцож, нийт иргэдийг өргөн хүрээтэй хүртээмжтэй оролцуулах зэрэгт анхаарч ажиллана. 

Өнгөрсөн аравдугаар сарын 19-22-нд БНСУ-ын Бусан хотноо болсон нийтийн биеийн тамир, спортын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг олон улсын ASFAA холбооны XVI их хуралд бид оролцоод ирлээ. Нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэхдээ бусад орнууд, олон улсын байгууллагууд юунд анхаарч, ямар чиг хандлага барьж байгаа талаар мэдээлэл авч, шинэ туршлагаа хуваалцсан.

Удахгүй бид эцэг эхчүүдэд зориулсан, тэдэнд туслах сонирхолтой нэгэн шинэ санаачилгыг эхлүүлэх гэж байгаа. Энэ нь “Хүүхдийг бага наснаас нь спортын төрөлд сонгох” тусгай сорилыг гадаадын туршлага, арга зүйд тулгуурлан Монголд нэвтрүүлнэ. Хүүхдийг 6-12 насанд нь спортын ямар төрөлд бие бялдар, физиологи, сэтгэл зүйн хувьд тохирохыг гадаадын эрдэмтдийн тогтоосон тусгай сорилын тусламжтайгаар тодорхойлж чиглүүлнэ гэсэн үг.

Хүүхдээ ямар спортын төрлөөр хичээллүүлэх вэ гэсэн сонголт хийх гэж байгаа эцэг эхчүүдийн эргэлзээг энэ сорилын тусламжтайгаар тайлж өгнө. Тухайн хүүхдийн бие бялдрын үзүүлэлтийг судлаад шинжлэх ухааны үндэслэлтэй спортын төрлийг нь сонгоод өгвөл, аль болох олон хүүхэд өөрт тохирсон спортын төрлөө эрт баримжаалж, эрүүл чийрэг бие бялдартай, цаашлаад сайн тамирчин болж, амжилт гаргах боломж нь бүрдэнэ. Энэ бол хүн бүхний сонирхох, айл өрхийг хамрах маш сайн санаачилга болно. 

Мөн спорт бүрийг нийтийн болгох чиглэлийн ажлыг спортын холбоодтой хамтран хийж эхэлсэн. Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Нийтийн хөлбөмбөг” төслийн ажлыг аймаг, дүүрэгт хэрэгжүүлж, аймаг, дүүргийн биеийн тамир, спортын төрийн байгууллагууд оролцон, заал талбайдаа зохион байгуулж байна. Аль болох олон хүүхэд, залуучуудыг спортод татан хамруулах, клуб ба багуудыг бий болгон, тэмцээн, наадамд оролцуулах явдал их чухал болоод байгаа.

-Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ойрын хугацаанд яригдах уу?

-Биеийн тамир, спортын салбарын хууль, эрх зүйн орчныг  өөрчилж, шинэчлэх явдал бол маш чухал сэдэв. Зөвхөн хуулиа бус спортын харилцааг зохицуулсан олон дүрэм, журам, тушаал, тогтоол шийдвэрийг шинээр болон шинэчлэн гаргах хэрэгтэй байгаа юм. Манай салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ намрын Чуулганы хугацаанд хэлэлцэхээр яригдаж байгаа. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд ихээхэн анхаарч, өнгөрсөн онд ажлын хэсэг байгуулан ажилласан.

Харин бид УИХ-ын гишүүдтэй хамт ажлын хэсэгт багтаж, хэд хэдэн удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал хүлээн авах, судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллаж, хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхний төслийг гаргасан. Энэ төсөл дээрээ төвлөрөн ажиллахаар эрхэлсэн сайдтайгаа ярьж, санал бодлоо солилцож байна. Байнгын хорооноос ажлын хэсэгт орсон гишүүдийн дийлэнх нь Биеийн тамир, спортын тухай хуульд нэгэнт гар хүрч байгаа юм чинь дорвитой, сайн өөрчлөлт хийх нь зөв гэсэн байр суурьтай байна лээ. Одоо хэрэгжиж байгаа хууль батлагдаад 20 жил болж байна.  Энэ хугацаанд нийгмийн харилцаа ихээхэн өөрчлөгдлөө. Түүний дотор Биеийн тамир, спортын тухай асуудал ч багтана.

Миний хувьд Биеийн тамир, спортын тухай хуулийг 2000-2003 оны хугацаанд БТСУХ-ны орлогч даргаар ажиллаж байх үедээ анхны төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон, УИХ-ын нэр бүхий гишүүдэд өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулах бүх үе шатны ажилд хамтран оролцож байлаа.

Б.Бат-Эрдэнэ сайд бидэнтэй хамт тэр үед ажлын хэсэгт хамтран ажилласан. Тэгэхээр хуулийн төслийг илүү сайжруулах чиглэлд бид хамтдаа түлхүү анхаарч, гол асуудлаа дэвшүүлэн, алдаагаа зассан хуультай болохын төлөө хичээж ажиллах болно. 

Д.ГАНСАРУУЛ

Эх сурвалж: Өдрийн сонин, 2022.11.08, №211 (7084)

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Top