Яруу найрагч М.Амархүү "БОЛОР ЦОМ"-ын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

“Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо.

Удаах байрт Д.Галсансүх, гутгаар байрт О.Цэнд-Аюуш, тусгай байрт Л.Моломжамц, Ц.Гончиг нар шалгарчээ.

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн болон Монголын Урчуудын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч М.Амархүү “Ургийн мод хэмээх хэлхээс” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Түүний "Болор цом" хүртсэн шүлгийг хүргэе.

 

"УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод
Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм
Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж
Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм
Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо
Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм
Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир
Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм
Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад
Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм
Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир
Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм
Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд
Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм
Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир
Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм
Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин
Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм
Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир
Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм
Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн
Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм
Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир
Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад
Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө
Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ
Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан
Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд
Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам
Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад
Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ
Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа
Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол
Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол
Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө
Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол
Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол
Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол
Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол
Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа
Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол
Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол
Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж
Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол
Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо
Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь
Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа
Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top