“Бодь”-ийн бүхнийг шалгаж байхад хаагуур нь шургачихав

2022 оны 11 сарын 30

АН-ын шошготой, “Бодь”-ийн хамааралтай бүхний зөв бурууг шүүж байхад ямар суган доогуур нь “Бодь даатгал”, “Оюу Толгой” компанитай хамтран ажиллахаар болчихов оо.

Энд даатгалын нэг компанийг буруутгаж зөвтгөх гэсэнгүй. Гагцхүү улс төрийн талаасаа ямар дэмжлэг авав гэдгийг хаа хаанаа сонирхож таарна.

Юуны өмнө “Оюу Толгой” -той хамтран ажиллана гэдэг хоёр аж ахуйн нэгжийн дундаа шийдчихдэг зүйл биш болоод удаж байна. “Оюу Толгой” -д шатахуун, түлш нийлүүлэхээс эхлээд хамгийн бага бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүртэл ихэс дээдсийн оролцоо дэмжлэгтэй явж ирснийг нуух юун. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр “Петровис” компанид давуу эрх олгосон хэргээр ял эдлээд гарч ирсэн. Энэ нь “Оюу Толгой”  компанид шатахуун түлш нийлүүлэх гэрээ юм шүү дээ. Ийм л өндөр үнэ цэнтэй зүйл учраас хэн ч хардаж сэрдэж таарна.

“Бодь” групп нь өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө хоршооны статустай байгуулагдаж байсан үндэсний хэмжээний томоохон группуудын нэг гэдэгтэй маргахгүй. Гэхдээ үүнд ямар нэг улс төрийн оролцоо, дэмжлэг байж л бүтэж таарна. Тэгээд ч дэлхийд данстай “Оюу Толгой”  компанитай хамтарна гэдэг асар том асуудал шүү дээ. Одоогийн байдлаар “Бодь” группийн гүйцэтгэж байгаа төмөр замыг шалгаж, зарим дарга удирдлагыг саатуулан шалгаж байгаа юм. Үүнээс өөр дурдаад байвал маш олон асуудал бий.

Ямартай ч, УИХ-ын гишүүн асан Л.Болд улс төрийн холбоо сүлбээ, арга залиар энэ том айлыг өнөөдөрт авч ирсэн түүх бол бий. Өнгөрөгч 2016 онд гэхэд тэр АН-аа бус группийнхээ хувь заяаг бодож, эрх баригчдад үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, бүхий л насаараа өргөж өөд нь татсан АН-аасаа урваж, эрх баригчдад үйлчилсэн хүн. Тиймдээ ч өөрийн хамаарал бүхий банкиндаа олон тэрбум төгрөг авч чадсан. Хэрвээ Л.Болд эрх баригчдад үйлчилсэн хэвээр байгаа бол “Бодь даатгал”, “Оюу Толгой”  компани хоёрыг тэр холбосон байж таарна.

Албан мэдээллээс харахад “Бодь даатгал” нь “Оюу Толгой” компанийн үндсэн ажилтнуудын эрүүл мэндийг даатгах байгууллагаар сонгогдож хамтын ажиллагааны хүрээгээ тэллээ. Энэхүү хоёр компанийн хамтын ажиллагааны зорилго нь харилцан хамтдаа хөгжиж, уул уурхай, даатгал, эрүүл мэндийн салбартаа төдийгүй улс орныхоо эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж хувь нэмрээ оруулна гэжээ. "Бодь даатгал" компани нь эрүүл мэндийн даатгалын салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд тэр дундаа сүүлийн 10 жил олон улсын эрүүл мэндийн даатгалын АХА компанитай хамтран ажиллаж, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн аж. Энэ утгаараа даатгалын компаниуд дундаа товойж харагдах бөгөөд дэлхийн хэмжээний ямар ч байгууллагатай хамтран ажиллахад болохгүй зүйл алга.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ha(64.119.24.116) 2022 оны 11 сарын 30

\nBold tsaana ni bfaa

0  |  0
Top