Globaltimes: У.Хүрэлсүхийн айлчлал нь хоёр талын худалдааг ахиулна

2022 оны 11 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн ням гарагт БНХАУ-д хийж буй төрийн айлчлалаа эхлүүлснээр Хятад, Монголын худалдааны харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, хоёр талын хамтын ажиллагааг өргөн хүрээнд авч үзэх төлөвтэй байна гэж Хятадын худалдаачид, шинжээчид үзэж буй талаар  “Globaltimes” мэдээлжээ.

Монголоос нүүрс, Хятадаас  бараа бүтээгдэхүүн зэрэг импортлодог  хоёр талын худалдаанд энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дэд бүтцийн хамтын ажиллагаа, ялангуяа тээврийн хүчин чадал, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Жилд 500, 600 орчим чингэлэг бүтээгдэхүүн экспортолж, Монголоос  1000 гаруй чингэлэг импортолдог Ли овогтой импорт, экспортын төлөөлөгч "Хятад-Оросын худалдаатай харьцуулахад Хятад, Монголын худалдааны хэмжээ, нэр төрөл тийм ч өргөн цар хүрээг хамардаггүй бөгөөд Хятадын тал ихэвчлэн ган бүтээгдэхүүн, барилгын материал, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг Монголд экспортолж, хариуд нь ноолуур, ноос, өнгөлгөөгүй эрдэнийн чулуу импортолдог" гэв.

Ли хэлэхдээ, худалдааг нэмэгдүүлэх асар их орон зай байгаа бөгөөд айлчлал нь хоёр талын худалдааг ахиулна гэж найдаж байгаа аж.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл хоёр талын худалдаа есөн тэрбум 670 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 22.7 хувиар өссөн байна. Дэлхийн өндөр инфляц, тахал өвчнийг үл харгалзан Монголын нүүрс болон Хятадын түүхий эдийн худалдааны өсөлтөөс шалтгаалан импорт, экспорт хоёр оронтой тоогоор өссөн.

Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл нь хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлсэн бөгөөд айлчлалын үеэр болох дээд хэмжээний уулзалтуудын хүрээнд цаашид улам бэхжих болно гэж Хэйлунжан мужийн Нийгмийн академийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Да Жиган онцолжээ.

Монголын зүүн өмнөд хэсгээр 226.9 км үргэлжилсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын дотор бариад баасан гарагт ашиглалтад орсноос хойш хоёрхон хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал боллоо. Энэхүү шугам нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам болон Монгол-Хятадын хилийн Ханги-Мандалын боомтыг холбосон амин чухал холбоос болж, Монгол Улсад төмөр замын тээврийн шинэ суваг нээх суурийг тавьсан тухай Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.

Тавантолгойн нүүрсний ордоос БНХАУ-ын хилийн Гашуунсухайтыг холбосон 233 км урт төмөр замын шугамыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсны дараа Монгол болон БНХАУ-ын хооронд 233 км урт төмөр зам тавигдсан. Төмөр замын шугам ашиглалтад орсноор жилийн импорт, экспортын ачаа тээвэрлэх хүчин чадал 20 сая тонноор нэмэгдэж, нийт төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар өснө гэж “People.cn” мэдээлжээ.

Мөн олон улсын зах зээлд хүрэх зай 242 километрээр богиноссоноор тээвэрлэлтийн хугацаа, зардал ихээхэн хэмнэнэ. Саяхан болсон БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн болон Монголын талын Тээврийн сайд нарын цахимаар хийсэн уулзалтын үеэр хоёр тал автозам, төмөр зам, иргэний агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна. 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top