Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн шалгалтаар 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ илэрчээ

2022 оны 11 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2022.11.30/ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Мөн тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалсны дараа хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.

Засгийн газрын хуралдаанаас 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур болсон 25 хоногийн хугацаатай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Үүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтраад хянал шалгалтаа явуулсан бөгөөд дүнг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр танилцууллаа.


 

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ

Энэ үйлдвэр нь 1990 онд анх байгуулагдсан. 1994 оноос ашиглалтад орж анхны олборлолтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

2010 оноос эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хийх санаачилгууд тухайн үеийн Засгийн газруудаас гарч хийгдсэн байдаг.

2010, 2011 онд 48 сая доллар, 49 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Кью эс си” компани Монголын Засгийн газарт тавьж хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Оруулсан хөрөнгө оруулалтдаа төмрийн хүдрийн баяжмалыг авах гэрээ хэлцэлтэйгээр үйл ажиллагаа явагдсан байдаг.

2013 оноос эхлээд концессийн гэрээ байгуулах санаачилгыг тухайн үеийн Засгийн газраас гаргаж, “Кью эс си” компанитай хийж, хэрэгжүүлж эхэлсэн.

Концессийн гэрээ нь 2014 онд албан ёсоор байгуулагдсан. 2015, 2016 онуудад байгуулсан концессын гэрээндээ тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан процесс явагдсан.

Энд нэг асуудал байгаа нь 2014 онд байгуулагдсан концессын гэрээгээр концесс хэрэгжүүлэгч маань барих, ашиглах, шилжүүлэх зургаан төслийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Тэгвэл 2015 онд тухайн концессийн гэрээнд өөрчлөлт оруулж, барих, ашиглах, шилжүүлэх байсан концессоо барих, шилжүүлэх болгож хувиргах өөрчлөлтийг оруулсан. Улмаар 2016 онд 2015 оны гэрээний дагуу Монголын төрд 2 төрлийн хэрэгжүүлсэн төслөө хүлээлгэж өгөөд төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулж авсан үйл явдлууд болсон.

Үүнтэй холбогдуулаад 2018 оны Засгийн газрын 6 дугаар тогтоолоор энэ 240 тэрбум төгрөгийг концессийн төлбөрт өгсөн нь хууль зөрчсөн байна гэдгийг дүгнээд буцааж төрд төвлөрүүлэх үүргийг өгсөн байдаг. Энэ нь хэрэгжихгүйн улмаас үүссэн хүндрэлийг үндэслээд 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч концессын гэрээг цуцалсан.

Үүндтэй холбогдоод Засгийн газраас гарсан ажлын хэсэг дөрөвдүгээр сард байгуулагдаад хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр нийтдээ 2014-2021 оны долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчлийг үүсгэж, шамшигдуулалтыг бий болгожээ гэсэн дүгнэлт бодитоор гарсан.

Эдгээр зөрчлийн нэлээд хэсгийг АТГ дээр хянах шалгах ажил явагдаж байна.

Засгийн газрын зүгээс хяналт, шалгалыг хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд үлдэгдэл хохирлууд дээрээ нэмэлт гомдол гаргах процесс эхлээд явж байгаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Санхүүгийн тайланд хийсэн хяналт, шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил ирэрсэн байна.

1.

240.8 тэрбум төгрөгийн концессын төлбөрийг авсан зөрчил байгаа. Энэ нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

2.

312.4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байна. Энэ нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкнаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр зээл авахуулаад шууд “Кью эс си” компани руу шилжүүлээд авчихсан зээл бөгөөд өнөөдрийн хүртэл төлөгдөөгүй.

3.

840.9 тэрбум төгрөгийн төмрийн хүдрийг зарж борлуулсаны зөрүү гарч ирж байна. Энэ нь гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Энэ дундаа өөрсдийн хамаарал бүхий компаниудад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлж гэрээ хэлцэл хийж өгсөн байна гэсэн үг. Зөвхөн 7 жилийн хугацаанд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалын үнийн зөрүү 840.9 тэрбум төгрөг бодитоор тогдоогдсон гэж болно.

 

1.2 их наяд төгрөгийн зөрчлийг задалбал:

1.

56.5 сая ам.долларын “Кью эс си” компанийн санхүүгийн анхан шатны баримт, ямар ажил үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүйгээр QSC компани руу шилжүүлсэн.

2.

13.1 сая ам.доллар нь банкнаас авсан зээлийг шууд “Кью эс си” компани руу шилжүүлсэн 312.4 тэрбум төгрөгийн хүүгиийн төлбөр нь.

3.

4 сая ам.доллар нь гаалийн байгууллагуудад мэдүүлсэн борлуулалтын мэдээнээс зөрсөн зөрчил.

4.

494.4 тэрбум төгрөг нь худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлэнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмч хөрөнгө,  орлогыг барьцаалчихсан. Өнөөдрийг хүртэл чөлөөлөгдөөгүй байгаа.

5.

154.4 тэрбум төгрөг нь урьдчилж төлсөн зардлаар бүртгэгдсэн менежментийн төлбөр.

6.

108.3 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын өглөгт ханшийн тэгшитгэл хийж нэмэгдүүлсэнтэй холбоотой зөрчил. Хөрөнгө оруулалтыг хийхдээ тухайн үеийнхээ валютын ханшийг тооцоод нөхөж гаргаж авсан төлбөр гэж ойлгож болно. 2014 онд байсан валютын ханш 2020 он хүрэхэд валютын ханш хэдэн төгрөг болсон бэ гэдгийг өөрсдөө тооцож, концесс хэрэгжүүлэгч нар өөрсөд дээрээ нэмэлтээр төлбөр гаргаж авсан гэсэн үг.

7.

55 тэрбум төгрөг нь вагон түрээсийн төлбөрт илүү төлсөн төлбөр. Мөн вагон түрээсийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөр нь. Энэ бол ноцтой. Яагаад гэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мөнгийг нь гаргуулж худалдаж аваад худалдаж авсан вагонаа Төмөр замын зураг төслийн институци гэдэг компанид өмчүүлчихсэн байгаа юм. Түүнийгээ буцаагаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түрээслүүлээд 55 тэрбум төгрөгийг гаргаж авсан байна.

8.

90.5 тэрбум төгрөг нь концессын гэрээний концессын зүйлд туссан хөрөнгө оруулалтыг гэрээний үүргээ зөрчин Дарханы төмөрлөгийн үйлдвэр компаниар санхүүжүүлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл “Кью эс си” компани нь Монголын төртэй гэрээ байгуулаад бид концесс хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулалтаа өөрсдөө хийнэ гэж гэрээ хийсэн байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 30

elbegdorj atigar xulgaich l ard ny bii oilgomjtoi

0  |  0
Би (192.82.75.80) 2022 оны 11 сарын 30

Айн шалга

0  |  0
Top