Г.Занданшатар: Ялын бодлогыг чангаруулж, авлигын хэрэгт өршөөл үзүүлэхгүй

2022 оны 12 сарын 07

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.12.07/ "Шинэ сэргэлт - Эрх зүйн шинэчлэл"-ийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.


Тэрээр ирэх онд “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” гэсэн зорилгын хүрээнд 3 бүлэг 9 багц, 1 цогц шинэчлэлийн багц хуулиудыг баталж эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

УИХ дарга Г.Занданшатар "Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль гэж болно. Зөвхөн нүүрс биш. Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар хулгайлж эзэмших хэрэгсэл байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЦОГЦ БОДЛОГЫН ХҮРЭЭНД ДАРААХ БАГЦ ХУУЛИУДЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

Нэгдүгээрт: Ирээдүй хойчийнхоо боломжийг хулгайлж, үгүй хийж байгаа авлига хээл хахуультай үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцдог хариуцлагын тогтолцоо, ялын бодлогыг чангалахгүйгээр энэ үр дүнд хүрэхгүй.

Ийм учраас Эрүүгийн хууль дахь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангаруулна. Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ.

Хоёрдугаарт: Байгалийн баялгийг ашиглахтай холбоотой салбарын авлигын эрсдэл өндөр байна. Ийм учраас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батална. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүт этгээд орлого, зарлага, өгсөн хандив, мөнгөн гүйлгээгээ ил тод байлгах ийм хууль батална. Ингэснээр нүүрсний төдийгүй зэс, жонш, төмрийн хүдрийн бүх салбарын ил тод байдлыг хангаж ард түмний нүдэнд ил болгож, ард түмний хяналт, төрийн өмчийн компаниудыг олон түмэнд нээлттэй болгоно. Ард түмний баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүнийг нууцаар хулгайн замаар зарж байгаа болон шат шатанд нь байгаа авлигийг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжих үндэс бүрдэнэ.

Гуравдугаарт: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Үүнийг батална. Ер нь нүүрсний хулгай дээр Г.Ганболд гишүүний ахалсан тээвэрлэлт, экспорттой холбоотой ажлын хэсэг эхэлж шүгэл үлээсэн гэж хэлж болно. Шүгэл маань үнэн зөв, бодитой байх ёстой.

Авлигатай тэмцэх үр дүнтэй арга бол нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэх явдал байдаг. Ардчилсан парламентын хамгийн том давуу тал нь энэ юм.

Дөрөвдүгээрт: Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж, батална. Уул уурхайн бүтээгдэхүүнийг гэрээгээр, нууцаар хөшигний ард хийдэг биш ил тод, нээлттэйгээр биржээр зарагддаг тогтолцоог бүрдүүлнэ.

Тавдугаарт: Авлигатай тэмцэж, төрийн хүнд суртлыг арилгахад мэдлэг, ур чадвараас гадна чигч хандлага, ёс зүйтэй иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж ажиллуулах нь чухал. Тиймээс Төрийн албаны ёс зүйн тухайн хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Ёс зүйтэй төрийн албан хаагч ямар ч хулгайд оролцохгүй. Ёс зүйтэй байж хуулийг мөрдөж сахина. Иймээс төрийн албанд шударга, сайн хүнийг сонгож ажиллуулах, Ёс зүйн хороодыг улам сайн ажиллуулах, төрийн албыг нэр цэвэр, чадварлаг байлгах. Ингэснээр төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Өнөөдөр иргэдийн итгэл алдраад байгааг жагсаал цуглаанаас харж байна. Тиймээс төрийн албан дахь авлига, хүнд суртлыг таслан зогсооход чиглэсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөж байна.

Авлигатай бол хөрөнгө хураах ялыг шинээр бий болгох, авлигын ялын бодлогыг чангалах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх, хэргийн шийдвэрлэлтийг удаашруулдаг энэ бүх асуудлыг таслан зогсоох Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.8) 2022 оны 12 сарын 07

Авилга авсан, хулгай хийсэн ямарч хүмүүс ял завших ёсгүй. Сүүлийн 20 жилийн доторх бүх хэргийг сэргээж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

0  |  0
Зочин(124.158.65.183) 2022 оны 12 сарын 07

Зөв хууль чанга байж авилга албан тушаалын хэрэг буурч төрийн дундчуулийн хоолондоо ээлжиндээ гэдэг яриаг хуулиар л чангалж зохицуулах хэрэгтэйг цаг хугацаа өнөөгийн нөхцөлд шаардаж байна

0  |  0
Top