Улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд морь бариач хэмээх эрхэм нэр хүндтэй үүрэг байдаг. Энэ эрхэм үүргийг гүйцэтгэдэг айргийн таван морины морь бариачидтай уулзлаа.
Монгол Улсын морь бариач Ц.Баярлхагва /Түрүү магнай/
Төрийн их баяр наадамд 24 жил морь бариач хийлээ. Өнөө жил дөрвөн их ой давхцаж байгаад их бэлгэшээж байгаа. Хүй долоо худгийн дэнжид нар хур тэгшрээд сайхан байна. Алтан түрүү ирээд тосч авахад их сайхан байдаг. Хамгийн түрүүнд торгон жолоо атгаж, түрүү морины хөлсөнд хүрнэ гэдэг үнэхээр сайхан шүү.
Монгол Улсын Морь бариач А.Бадарч / Аман хүзүү/
18 жил морь бариач хийж байна. Би чинь хурдан хүлэг, цэргийн жагсаал хараад уйлдаг хүн. Одоо ч олон жил болсон болоод тэр үү, нулимс гарахаа байж дээ. Хурдан морины алтан жолооноос алхаж давхих их бахархалтай ажил шүү. Энэ жил монгол удмын зургаан адууг барихаас гадна эрлийз морьдын цулбуур барина. Нийтдээ 9 морины цулбуур барина.
Монгол Улсын морь бариач Ч.Чулуунбат /Айргийн гурав/
9 жил морь бариач хийж байна. Энэ жил айргийн гуравт орсон хурдан хүлгийн бариач хийж байгаа. Энэ үед сэтгэл их хөдөлдөг. Манлай уяач Б.Мөнхтөрийн таван морийг барьснаараа бахархдаг. Өнгөрсөн жил Б.Мөнхтөрийн гурван насны, энэ жил хоёр насны алтан тууртыг нь барилаа. Сайхан байна. Та бүхэн сайхан наадаарай.
Монгол Улсын морь бариач Д.Ганхуяг /Айргийн дөрөв/
Айргийн дөрөвт орсон хурдан хүлгийг гүйцэж барина гэдэг их ур чадвар шаардах ажил. Түрүү морьдын магнай эхэлж хүрэхийн сайхныг үгээр хэлэхийн аргагүй. Дэлхийн ганцхан миний Монголын энэ жилийн наадмаар хурдан хүлгүүд минь өнгөлөг харагдаж байна.
Монгол Улсын морь бариач Ч.Чулуунбаатар /Айргийн тав/
Эзэн нь мориндоо хүрэхээс өмнө цулбуурт нь хүрнэ гэдэг эр хүний хийморийг сэргээсэн сайхан ажил. Үүгээр их бахархдаг. 14 жил морь бариач хийлээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )