Г.Арсланхуяг: Баасан гарагт гардаг гэмт хэрэг 330 нэгжээр буурсан

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

“Намайг алгас” нөлөөллийн аяны үйл явц, гарсан үр дүнгийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягаас тодрууллаа.


-ЦЕГ-аас энэ онд хэдэн аян өрнүүлэв үр дүнд нь ямар эерэг үзүүлэлт гарав?

-Монгол Улсын Ерөн­хийлөгчийн санаачилгаар Экологийн цагдаагийн алба байгаль эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөллөөллийг бууруулах зорилго бүхий Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” гэсэн аян зохион байгуулсан.  Аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааны ажил хийж иргэд олон нийтэд хандаж мод тарихад уриалсан. Үр дүнд 11 сая мод тарьж, арчилж ургуулж буйг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн байгаа. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдал хүний амь нас, осол эндэгдлийг бууруулах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ” аянг зохион байгуулсан.

-"Намайг алгас" аяны зорилго юу вэ. Нэрийн утгыг хүмүүс бас янз бүрээр тайлбарлаж байна. Яагаад заавал “Намайг алгас" гэж нэрлэх болсон бэ?

-Согтууруулах ундаанаас үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд архи согтууруулах ундааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Намайг алгас" аяныг зохион байгуулж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газарт чиглэл өгөх зарлигт Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт архи согтууруулах ундааны хор хөнөөлөөс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг багтсан.

Үүний дагуу сургалт, соён гэгээрлийн ажлыг зохион байгуулсаар байгаа. Аяны нэрийн хувьд өмнө нь хэрэгжиж байсан өмнө нь хэрэгжүүлж байсан шиг “архи хортой, битгий уу” гэсэн ерөнхий агуулга илэрхийлэхээс татгалзаж ингэж нэрлэж буй. Тиймээс аяны хүрээнд хийсэн ажлууд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж гэр бүлдээ илүү цаг гаргах сонголт руу чиглүүлж байгаа гэж үзэж байна. Архидан согтуурахтай холбоотой үйлдэгдсэн аливаа үйлдлийг дэмжихгүй гэсэн санааг ч мөн илэрхийлж, олон нийтэд таниулж буй юм. Баярлаж цэнгэхдээ архидан согтуурах нь зөв сонголт биш, энэ үйлдлээс шинэ залуу үе татгалзаж байна гэсэн агуулга мөн илэрхийлж байгаа.

-Архидан согтуурсан үед үйлдэгдэх гэмт хэрэг олон. Аяны хүрээнд энэ төрлийн дууд­лага мэдээлэл багассан уу?

-Согтуу үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан тохиолдол өдөрт дунджаар гурав бүртгэгддэг. Ингээд сард 86 жилд 1030 цаашлаад таван жилд 5152 гэх мэтчилэн нэлээд өндөр тоо бүртгэгдэж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон тоо нэг өдөрт гэхэд 80-90 гэх тооноос буурахгүй. Сард 2726, жилд 37 мянга гаруй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж бүртгэгддэг. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн хордлогод орж амь насаа алдсан тохиолдол өдөрт нэг бүртгэгдэж байна.

Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралд архи хэрэглэсэн үедээ осгож нас барж байгаа тохиолдол жилд 70-90 орчим бүртгэгдсээр байна. Үүнээс гадна архидан согтуурсан үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулсан тохиолдол өдөрт 10-аас доошгүй бүртгэгдэж байгаа юм. Мөн эрүүлжүүлэх байранд ирж буй иргэдийн тоо өдөрт 280-аас буудаггүй. Гарч буй үр дүнгийн хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвд согтуугаар ирэх хүний тоо өнгөрсөн оноос 18 хувиар буурсан үзүүлэлт бий. Арга хэмжээний хүрээнд нийт 121 мянга гаруй зөрчил илрүүлж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2600 хүнд хариуцлага тооцсон.

Мөн хурд хэтрүүлсэн 66 мянган хүнд хариуцлага тооцлоо. Аяны хүрээнд сургалт судалгааны хажуугаар хяналт шалгалтын ажлаа давхар хийсний үр дүн гарч байгаа. Ухуулга нөлөөллийн арга хэмжээний үр дүнд гэмт хэрэг зөрчлийн нийт дуудлага мэдээлэл өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 1044 нэгжээр буурсан байна.

Баасан гараг тэмдэглэлт өдөр биш гэсэн сурталчилгааны үр дүнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дуудлага 330 нэгжээр буурлаа. Архидалттай тэмцэхийн тулд архийг хорьж тэмцэх бус, архидалтын сэтгэхүйтэй тэмцэх нь илүү чухал байна. Тиймээс бид олны дунд үүссэн архитай холбоотой буруу дадал хандлагад нөлөөлөхийн тулд мэдээлэл сурталчилгааны ажил хийсэн. Ажлын хүрээнд иргэд олон нийт ухуулга сурталчилгааг ойлгож хүлээж авахдаа нааштай байгааг мэдэж авлаа. Оны эцэст баяр ёслол, тэмдэглэлт өдөр олширдог. Тиймээс хамт олонтойгоо амжилт тэмдэглэх болон ахуйн хүрээнд цугларах үедээ архидан согтуурах нь элбэгшинэ. Ингэхдээ осгох, бэртэж гэмтэх тохиолдол ихэсдэг тул эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа. Тухайлбал, сүүлийн таван жилд 80 мянган хүн согтуудаа бэртэж гэмтэн ГССҮТ-д ирсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top