Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, "Хоромхон" клубийн эзэн Биндэръяа овогтой Гансүх хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөлбөмбөгийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Гансүх нь 1968 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо айлын 2 дахь хүү болон мэндэлжээ.
1976-1979 оны хооронд Найрамдлын Районы 55-р дунд сургууль, 1979-1986 оноос Хо Ши Миний нэрэмжит 14-р дунд сургуульд суралцаж төгссөн бол 1986-1987 онд ТМС-д суралцаж төгсжээ. 1988-1990 онд цэргийн алба хааж, 1996 онд УБИС-ийн БТДС-ийг багш дасгалжуулагчаар, 1996-2000 онд "Хөхтэй Хан" Санхүү, мэдээлэлзүйн дээд сургуулийг банкны эдийн засагт мэргэжлээр төгссөн.
1996 онд хөлбөмбөгийн Спортын мастер цол, 2000 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2004 онд БСШУЯ-ны жуух бичиг, 2008 онд БСШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Азийн ХБХ-ны дээд шагнал "Хүрэл од", 2019 онд "Алтангадас" одонгоор тус тус шагнагдаж байсан.
Тэрээр Монголын хөлбөмбөгийн томоохон клубүүдийн нэг болох "Хоромхон" клубийг 1999 онд үүсгэн байгуулж, хөлбөмбөгт дур сонирхолтой олон зуун хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, ур чадварлаг сайн тамирчид болох замыг нь засч зааж, зөвлөн ах, багш, аавын үүргийг давхар гүйцэтгэсэн хүндэт эрхэм хүмүүн билээ.
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 23 жилийн хугацаанд "Хоромхон" клуб нь Үндэсний дээд лигийн хошой аваргаас гадна өсвөрийн хүүхдүүдийн тэмцээнээс эхлүүлээд гадна талбай, футзалын нийлээд 43 медалийг зөвхөн МХБХ-ны тэмцээн уралдаанаас авсан Монголын шилдэг клубийн нэг билээ.
2015 оноос МХБХ-ны Зөвлөлийн гишүүнээр хоёр дараалан сонгогдон ажиллаж, Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхэм нэгэн. Ингэхдээ МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хорооны дэд дарга, Хүүхэд залуучуудын хөлбөмбөгийн хорооны дарга, Тоглогчдын эрх зүйн байдлын хорооны дэд даргын ажлыг давхар гүйцэтгэж байлаа.
Мөн "Хоромхон" клуб нь Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC Cup" тэмцээнд Монгол Улсаас анхны оноог авчирсан түүхийг бүтээсэн эзэд юм.
Түүний гэр бүл болон найз нөхөд, ойр дотны нөхдөд Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, хамт олон, олон мянган тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, хөгжөөн дэмжигч, хамтран зүтгэгч нарын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!
Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 3 )
Арай л залуу яг л төрсөн өдрөөрөө шахуу ямар өрөвдмөөр юм бэ ... Ум мани бадми хум
Аръяабал ум ма ни бад ми хум
Ум ма ни бад мэ хум