Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойших анхны гадаад айлчлалаа АНУ-д хийлээ.
Тэрбээр Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаны зэрэгцээ Конгрессын хуралд оролцож, үг хэлсэн юм. Ерөнхийлөгч Жо Байден Зууван танхимд Владимир Зеленскийг хүлээн авч, хоёр цагийн турш ярилцахдаа ОХУ-ын түрэмгийлэл хэр удаан үргэлжлэхээс үл хамааран АНУ Украины талд бат зогсох болохыг амласан байна.
“Украинчуудын тэмцэл, мөн 2023 онд ч хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлагын тухай Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс өөрөөс нь сонсох нь АНУ-ын ард түмэн, дэлхий дахинд маш чухал” хэмээн Жо Байден уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийхдээ онцолжээ.
Владимир Зеленскийн хувьд дэвшилтэт технологийн зэвсэг зэрэг нэмэлт тусламж авахын тулд АНУ-д шахалт үзүүлэх зорилготойгоо тодорхой илэрхийлж байсан бол Байдены зүгээс эдгээр хүсэлтүүдийг биелүүлэх нь NATO болон АНУ-ын холбоотнуудад эрсдэл учруулж болзошгүйг анхааруулж байв. Лхагва гарагт Жо Байдены танилцуулсан Украины тусламжийн багцад 1.85 тэрбум ам.долларын цэрэг зэвсгийн тусламж, тэр дундаа энэ өвөл хамгаалалтаа бэхжүүлэхэд нь туслах “Patriot” пуужингийн систем багтсан байна. Хэдий тийм боловч ОХУ-ын хүчийг ухраахад шаардлагатай гэж Владимир Зеленскийн мэдэгдэж байсан танк болон сөнөөгч онгоцнууд багтаагүй аж. “Patriot-ийн суурилуулсны дараа юу хийх вэ гэж үү. Дахиад “Patriot” авъя хэмээн Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдэх болно. Үнэхээр уучлаарай, гэхдээ бид одоо дайн хийж байна” хэмээн Владимир Зеленский сэтгүүлчийн асуултад хошигнон хариулжээ.
Уулзалтын дараа Конгрессын хуралдаанд үг хэлэхдээ Владимир Зеленский ОХУ-ын эзлэн түрэмгийллийг зогсооход танк, нисэх онгоц болон илүү их хэмжээний мөнгөн тусламж хэрэгтэйг дахин илэрхийлсний сацуу түүнд эргэлзэнгүй хандаж буй Бүгд Найрамдах намын зарим хууль тогтоогчдын дэмжлэгийг авахын тулд энэ дайн нь дарангуйллын ба ардчилал хоорондын тэмцэл болохыг тодотгожээ.
“Зөвхөн тулааныг үргэлжлүүлэх бус дайны талбарт ялалт авчрах эргэлтийн цэгийг бий болгоход та бүхний дэмжлэг нэн чухал. Та бүхний мөнгө бол хандив бус харин дэлхий дахины аюулгүй байдал, ардчилалд оруулж буй хөрөнгө оруулалт юм” хэмээн тэрбээр дурджээ. 27 минут үргэлжилсэн түүний илтгэлийн явцад Конгрессын гишүүд хэд хэдэн удаа босож алга ташин хүндэтгэл үзүүлсэн байна.
Түүнчлэн тэрбээр Украины төрийн далбааг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид гардуулан өгсөн байна. Түүний хэлснээр, уг далбааг Бахмут хотын фронтын шугамд байгаа цэргүүд түүнд өгчээ. Хариуд нь Пелоси АНУ-ын далбаа бүхий хайрцгийг гардуулсан байна.
Зеленский арванхоёрдугаар сарын 21-ний лхагва гарагт АНУ-д хүрэлцэн очсон. Вашингтонд Украины удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр удирдагч хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Путин өвлийг зэвсэг болгон ашиглахаар зэхэж байгаа гээд америкчууд Европын холбоотнуудын хамтаар Украиныг дэмжсээр байна хэмээжээ. АНУ болон холбоотнууд хүмүүнлэгийн, цэргийн гээд шаардлагатай бүхий л тусламжийг Украинд үзүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна гэж Байден мэдэгдсэн байна. ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээс хойш 301 өдөр хэдийнэ өнгөрөөд байна. Талууд дайн эхэлсэн дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр хэлэлцээрийн анхны шатыг эхлүүлж, хамгийн сүүлд гуравдугаар сард Туркэд хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй, өдийг хүртэл дайтсаар байгаа юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
Хүнээс юм гуйж байлддаг хүнийг анх удаа л харж байна. Тэгээд бас ялна гэхээр миний толгой хүрэхгүй нь. Ингэж зовж байхаар хийсэн гэмээ цайруулаад бага зэрэг алдагдалтай салсан нь дээр дээ.
*** ялинский янкуудаас бадар гуйж яадгаа алдаж байх.. энэ новшийг хөөгөөд явуулчих хоншоортой аавын хүү янкууд дотор байхгүй юу?
дэлхиын ардчилалд хөрөнгө оруулалт гэнэ ээ !!! Хүн алах зэвсэг гуйж нөгөөх нь байнга нийлүүлэгч дайны хэнээтнүүд байж. Аллагаас өөр тоглох тоглоом байдаггүй ээ аан!!!!!!
Энэ фашист гуйлгачин энд тэнд доншуучилж хөгөө дэлгэж бна даа
Оросын хүсээд байгаа нато зүүн тийш тэлэхгүй луганск донецк мужийн статусыг шийдсэн бол ийм юм болоо ч уу үгүй ч үү.
Энэ дайныг дуусгах юмсан, путлёр даанч солигдохгүй нь ээ, сунжрах шинжтэй болчихлоо. Дэлхий дахинд буруу жишиг тогтоолоо.
ээ мэдэхгүй дандаа хандиваар байх ч хэцүү дээ Орос яваандаа алдаан дээрээ ажиллаад эхлэхээр ч нэг л явцгүй л болно доо