БНХАУ I Энэ сард 250 сая хүн КОВИД туссан байж магадгүй

2022 оны 12 сарын 27

Хятад улсад энэ сарын эхний 20 хоногт КОВИД-19-ийн 250 сая эерэг тохиолдол бүртгэгдсэн байж болзошгүй нь эрүүл мэндийн дээд албан тушаалтнуудын дотоод тооцооллоор тодорхой болжээ. Хэрвээ үнэн бол энэ нь 1.4 тэрбум хүн амын 18 орчим хувийг эзэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хэмжээнд өнөөг хүртэлх хамгийн өргөн хүрээтэй дэгдэлт болж байна. Харин албан ёсны тэмдэглэлд дурдсанаар энэ хугацаанд 62592 тохиолдол бүртгэгдсэн аж. Түүнчлэн Хятадын эрүүл мэндийн дээд байгууллагын хамгийн сүүлийн үеийн дотоод тайланд тус улсад  халдварын тохиолдол огцом өссөн энэ үед нэг өдрийн дотор 37 сая хүн вирусээр  халдварлаж байж магадгүй дурдсан талаар Блүүмберг мэдээлжээ.

Лхагва гарагт болсон Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын хуралдааны тэмдэглэл болон хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн мэдээллийг иш татан тус улсын 248 сая хүн халдвар авсан гэж тус агентлаг мэдээлэв.

Блүүмбергийн эх сурвалжийн мэдээлснээр уг уулзалтад халдвартай холбоотой нас баралтын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд зөвлөл нас баралтыг тоолоход хэрэглэх арга, технологийн талаар хэлэлцжээ. Пүрэв гарагт тус улс халдварын  3761 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт байхгүй гэж мэдэгдсэн бол энэ долоо хоногт нийт халдварын тоог 14285 гэж зарласан.  Хаалттай хуралдааны үеэр Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд захирал Сун Ян халдварын түвшин өссөөр байгааг онцолсон. Тэр тусмаа Бээжин, Сычуаны хотын хүн амын талаас илүү хувь нь аль хэдийнэ халдвар авсан гэжээ. 

КОВИД-19-ийн хязгаарлалтын шинэ журмуудын хүрээнд орон даяарх шинжилгээний цэгүүд хаагдсан. Үүнтэй холбоотойгоор албан ёсны мэдээлэл цуглахаа байсан тул эерэг тохиолдлын тоо тодорхой бус байна. Хэрвээ дээр дурдсан тоонууд үнэн бол ирэх долоо хоногт Хятадад жинхэнэ аюулын харанга дэлдэнэ гэдгийг Хонгконгийн их сургуулийн тархвар судлалын профессор Бен Коулинг хэллээ. Үүнээс гадна Хятадад өдөр бүр 5000 гаруй хүн КОВИД-19-ийн улмаас нас барж магадгүй гэж “Airfinity” эрүүл мэндийн мэдээллийн фирм тооцоолж байгаа нь тус улсын одоогийн дэгдэлтийн талаарх Бээжингийн албан ёсны мэдээллээс эрс ялгаатай байна.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо (NHC) Ройтерс агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. ДЭМБ-ын ахлах албан тушаалтан Хятад улс халдварын тоо нэмэгдэж байгаа тул хөл хориог дахин хэрэгжүүлж магадгүй гэжээ. “Airfinity”-ийн мэдээлснээр нас баралтын эрсдэлийн шинжилгээгээр Хятадад  1.3-2.1 сая хүн нас барж магадгүй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Бусад загварчлалын бүлгүүдийн хийсэн дүн шинжилгээгээр 2.1 сая хүн нас барна гэж таамаглаж байна. “Airfinity”-ийн тооцоолсноор энэ давалгаа нэгдүгээр  сарын дундуур өвчлөл нэмэгдэж байгаа бүс нутгуудад өдөрт 3.7 сая, бусад мужид  гуравдугаар сард өдөрт 4.2 сая хүрч дээд цэгтээ хүрэх аж.  Хятадын тэргүүлэх эмнэлгийн шинжээчийн онцолсноор зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын улмаас нас барсан тохиолдлуудыг КОВИД-ийн халдвараар нас барсанд тооцдоггүй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top