Зураач А.Чадраабал Олон улсын урлагийн шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал олон улсын чансаа өндөр, нэр хүндтэй урлагийн үзэсгэлэнгүүдэд бүтээлүүдээрээ өрсөлдөж, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Итали улсын Лече хотноо “FOYER OF THE ANCIENT THEATRE POLITEAMA GRECO” эртний Грекийн театрын ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Итали дахь дэлхийн урлаг” академийн Спартакийн Хаан “Менелао”-гийн нэрэмжит олон улсын урлагийн шагналыг хүртлээ.

Монгол Улсаас анх удаа түүний “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон бөгөөд улмаар дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулсан байна.

Түүнийг МУБИС-ийн захирал, дэд профессор О.Алтангоо, Дотоод ажлын албаны дарга, дэд профессор Н.Мягмарцоож, Зайн сургалтын албаны дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, ДУТС-ийн захирал, доктор (Ph.D) С.Батцоож, ДУТС-ийн хөтөлбөрийн албаны дарга, доктор (Ph.D) Ч.Болорцэцэг, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) А.Ариунболд нар хүлээн авч уулзан, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваад талархан, хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын урлагийн шагналт зураач А.Чадраабал нь МУБИС-ийн 1978 оны төгсөгч, Монгол улсын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адъяабазарын ууган хүү бөгөөд үе дамжсан авьяаслаг уран бүтээлч билээ. Тэрбээр 2001-2007 онд Дүрслэх урлагийн тэнхимд багшаар ажиллаж байсан юм.

Түүний хүртсэн тус шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ.

Тус нийгэмлэг нь жил бүр олон улсын урлаг, соёл, шинжлэх ухааны бүх нийтийн Урлагийн боловсрол ба хүний эрхийн төлөө уран бүтээл судалгаа шинжилгээний бүтээл хийсэн хувь уран бүтээлч нарыг алдаршуулах зорилгоор дээрх шагналыг олгодог байна.

 

 

Зураач А.Чадраабалын уран бүтээлийн үзэсгэлэнгүүд:

 

  • Хүн төрөлхтөний агуу ЛУВРЫН МУЗЕЙН дэргэдэх Carrousel du LOUVRE үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 38 орны 130 зураач уран бүтээлчид, олон улсын 54 урлагийн галерейнууд оролцсон “SALON INTERNATIONAL D’ART CONTEMPORAIN’’ олон улсын 30 дахь удаагийн экспо үзэсгэлэнд “ХӨХ МОРЬД’’ цуврал уран бүтээлүүдээрээ оролцов. Парис хот-Бүгд Найрамдах Франц Улс. 2022 оны 10-р сарын 21-24

 

  • Швейцарын Холбооны улсын Олон улсын “ARTBOX” урлагийн байгууллагаас зохион байгуулдаг урлагийн төсөл хөтөлбөрийн хамтарсан үзэсгэлэнд “ХУВЬСАЛ” цуврал уран бүтээлүүдээрээ оролцов. Каса дель Арте галерей. Палма арал хот. Испанийн Хант улс. 2022 оны 10-р сарын 24-29

 

  • Итали улсын “МUSA” урлагийн байгууллагаас зохион байгуулсан “We Contemporary-2022” дэлхийн 30 улсын100 зураач, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “INFINITE SOURCE” цуврал бүтээлүүдээрээ оролцов. Энэ үзэсгэлэнгийн шилдэг 10 уран бүтээлчийн батламж гэрчилгээг гардан авлаа. Palazzo Velli галерей. Ром хот. Бүгд Найрамдах Итали улс. 2022 оны 11-р сарын 03-08

 

  • Итали улсын “Дэлхийн Урлаг” олон улсын нэр хүндтэй сэтгүүлийн 2022 оны 08-р сарын дугаарт “Тэнгэрийн Өрх” уран баримлын талаар Италийн нэрт урлаг судлаач, шүүмжлэгч, куратор Carmela Brunetti-н нийтлэл, 10-р сарын дугаарт “Spiritual development” цуврал бүтээлүүдийг онцолж, тэдгээр бүтээлүүдийн тухай нийтлэл хэвлэгдэж, мөн Италийн "CULTURALIA DI NORMA WALTMANN" зэрэг олон улсын нэр хүндтэй сэтгүүл хэвлэлүүдэд нэр дурьдагдсан баримт материалуудыг хүлээн авч, танилцсан юм.

Энэчлэн дэлхийн олон үзэсгэлэнд оролцож, Европын урлагийнхны анхаарлыг татсанаар 2022 оны шагналыг хүртэж, 2023 оны хүндэт гишүүн болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top