"Хөлбөмбөгийн хаан" ПЕЛЕ ҮҮРД "АМЬД"

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Хаан. Тиймээ, түүнийг "Хөлбөмбөгийн хаан" гэдэг. Жинхэнэ нэр нь Эдсон Арантис  ду Насименту. Хөлбөмбөгийн ертөнцөд Пеле хэмээх хоч нэрээрээ алдаршиж, хүмүүн төрөлхтөнд "Хөлбөмбөгийн хаан" гэж өргөмжлөгдсөн билээ л.

Тэрбээр хөлбөмбөгийн дэлхийн аварга цолыг гурван удаа хүртсэн манай гариг дээрх цорын ганц хүн. Дөрвөн жилд болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга цол шиг эрхэм хүндтэй мөртлөө хүрэхэд  хамгийн хэцүү цол ховор.  Олон олон хөлбөмбөгийн супер одууд хүрч , хүртэж чадаагүйг та бид мэднэ. Өнөө цагийн баатрууд, сүүлийн 20-иод жил хөлбөмбөгт "ноёрхсон" хоёр буюу Криштиану Роналду, Месси хоёр гэхэд л нэг нь дэлхийн аварга цолд ойртоо ч үгүй, нөгөө нь бүтэн замналынхаа төгсгөлд анх удаа хүртэж бөөн юм болж байна.

Гэтэл Пеле энэ ховор дэлхийн аварга цолыг гурван удаа хүртэж байв. 18 настайдаа, 22 настайдаа, гучтайдаа. Домогт Марадонад алтан цом өргөх завшаан ганц л олдож байсан. Үе үеийн шилдэг хөлбөмбөгчдийг, гоц авьяастнуудыг "Шинэ Пеле" хэмээн нэрлэдэг ч "Хөлбөмбөгийн хаан"-тай эн зэрэгцэх бүү хэл дөхөж очих ч хөлбөмбөгчин байсангүй ээ. Замбуулин хорвоод нэг л нар байдаг лугаа хөлбөмбөгт ганцхан хаан бий. Тэр нь Пеле гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  21 жил мэргэжлийн түвшинд тоглож, 1363 тоглолтод 1279 гоол оруулсан Пелегийн тоглолтыг үзэх гэж дайтагч талууд гал зогсоож, түүний намтар номыг уншихаар сая сая хүн бичиг үсэг сурч байсан билээ.

2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд 82 насандаа "Хаан" Пеле хорвоогийн мөнх бусыг үзэж, тэнгэрийн орныг зорилоо. Тайван нойрс доо , "ХААН" минь! Сая сая хөлбөмбөгт хайртай хүн бүхний сэтгэл зүрхэнд мөнхөд "АМЬД" байх болноо, ПЕЛЕ!

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин, 12.29.2022

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг гээч этгээд(107.115.29.44) 2023 оны 10 сарын 17

Чи бол бөмбөгийг дөрвөлжин гэж боддог сэрэлтийн Пүрэвжав

0  |  1
Зангараг(192.82.71.111) 2023 оны 10 сарын 17

Хүүхэд насандаа 1960 аад оны үед Пеле гэдэг нэрийг анх сонсож гайхалтай хөлбөмбөгч гэдгийг ам дамжсан яриагаар мэдэж анх 1970 онд орбитоор дамжуулсан дэлхийн аваргын тэмцээн үзэж Пеле г анх харж билээ. Ур чадвараараа тийм ч сайнгүй ч зөв цаг үед тодорсон учир нэр алдарт хүрсэн. Марадона ур чадвараараа Пелегээс хол тасархай байсан. Үүнтэй хэн ч маргахгүй биз ээ.

0  |  2
Ард(107.115.29.44) 2022 оны 12 сарын 30

ПЕЛЕ хөлбөмбөгчин биш шүү.Харин хөлбөмбөгийн ХААН ,бурхан нь юм шүү.

1  |  0
Top