Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар шүүгчид зөвлөлдлөө

2022 оны 12 сарын 30

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр, биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлахаар заасан. 

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн тогтоолыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх хэлбэр, агуулгыг тодорхойлох Ажлын хэсэг 2022 оны тавдугаар сард байгуулагдсан. Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ын төсөл боловсруулах, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх нэгдмэл бодлого, зохион байгуулалтын дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой Ажлын хэсэг нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны зургаадугаар сард байгуулагдан ажилласан юм.

Тус Ажлын хэсгүүдийн өргөтгөсөн хурал 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхэд болж, ажлаа дүгнэж, шүүхийн шийдвэрийн тойм бичих ажлыг орон нутагт үргэлжлүүлэх талаар зөвлөлдлөө.

Хуралдаанаар дээрх хоёр Ажлын хэсгийн ахлагч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэж эхэлснээс хойших ажлын үр дүнг танилцуулж, ирэх оноос орон нутгийн шүүхийн шүүгчдийг тойм бэлтгэх арга зүйгээр хангах зохион байгуулалтын талаар мэдээллээ. Ажлын хэсэг байгуулагдаж, шүүхийн шийдвэрийг тоймлох дэд бүтцийг бий болгох, холбогдох журам, баримт бичгийн төслийг боловсруулан шүүгчдийг арга зүйгээр хангаж ажилласны үр дүнд Улсын дээд шүүх, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид 200 гаруй шүүхийн шийдвэрийн хураангуй тоймыг бичиж, олон нийтэд хүргэжээ. Шүүгч гаргасан шийдвэрээ энгийн ойлгомжтой байдлаар ийнхүү мэдээлэх нь шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах болон иргэдийн эрх зүйн боловсролд ач холбогдолтой байгааг хуульчид болон иргэд онцолсныг тэмдэглэв. 

Ажлын хэсэгт багтсан шүүгчид шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх дүрэм, баримт бичгийн төсөл боловсруулсны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам” баталсан. 2023 оноос хэрэгжиж эхлэх тус журмын үзэл баримтлал, агуулгын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав танилцуулж, шүүгчидтэй санал санал солилцлоо.

Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ирэх онд орон нутаг дахь шүүхийн шүүгчдэд тойм бэлтгэх арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар санал нэгдэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.177.238) 2022 оны 12 сарын 31

Монголын шүүх гэж дээ дээд шүүх гэж новшнууд дүүрсэн газар шүү

0  |  0
Top