Шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолт маргааш эхэлнэ

2023 оны 01 сарын 06

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунаад байна.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь Анхан шатны (сум, дүүрэг), Хагас шигшээ (аймаг, нийслэл), Шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдах Шигшээ тэмцээнд оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД

 

ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ

2013 он         Гомбожавын Саран-Эрдэнэ (Налайх)

2014 он         Болдын Мөнхбаяр (БЗД)

2015 он         Санжидын Алтангэрэл (Налайх)

2016 он         Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)

2017 он         Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)

2018 он         Ганболдыи Амарсанаа (Хэнтий)

2019 он         Алтанхуягийн Золжаргал (Орхон)

2020 он         Дашдаваагийн Дүүрэнжаргзл (Дорнод)

2021 он         Нармандахын Билгүүн (Өмнөговь) онлайн

2022 он         Энхтунгалагийн Түвшинтөгс (Говьсүмбэр)

ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ

2014 он         Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ-Өмнөговь)

2015 он         Төмөрбаатарын Март (Дархан-Уул)

2016 он         Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)

2017 он         Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)

2018 он         Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)

2019 он         Өсөхбаярын Уянга (Баянзүрх)

2020 он         Батнасангийн Халиун (Өмнөговь-НШХ)

2021 он         Рустемийн Айганым (Баян-Өлгий) онлайн

2022 он         Ганболдын Санчирдулам (ХУД)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top