Хумхаа өвчний хүндрэлээр энхийг сахиулагч нас баржээ

2023 оны 01 сарын 08

Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч хумхаа өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан өнгөрсөн пүрэв гарагт /2023.01.05/ Батлан хамгаалах яамнаас хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж мэдээлэл өгсөн.


Хурлын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцож байгаа болон үүсээд буй нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгсөн юм.  Үргэлжлүүлэн, Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од хумхаагийн өвчлөл хийгээд тус өвчний халдвар авсан цэргийн алба хаагчдын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ "НҮБ-ын мандаттайгаар Африкийн орнуудад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчидтай I, II шатны цэргийн хээрийн эмнэлгүүд мөн үүрэг гүйцэтгэдэг. Африкийн орнуудад өргөн тархалттай байдаг хумхаа хэмээх өвчний талаарх ойлголтыг өгье. Судалгаанаас авч үзвэл, тус улсын 10 шумуулын нэг нь хумхаа өвчний вирусыг тээдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн шумуулнаас хүнд дамждаг халдварт өвчин гэсэн үг. Борооны улиралын эхэн болон сүүл үед ихээхэн идэвхждэг.

Хумхаагийн вакцин гараагүй учраас манай цэргийн алба хаагчид уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг долоо хоног тутамд хэрэглэдэг. Эмээ тогтмол уусан ч тухайн хүнд уг өвчний вирус халдварлах боломжтой. Гагцхүү хүнд, хөнгөн хэлбэрээр өвчлөх нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй холбоотой.

Өнгөрөгч сард эх орондоо ирсэн цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрч Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь бүрэн эдгэрсэн. Харамсалтай нь нэг цэргийн алба хаагч энэ өвчний хүндрэлээр нас барсан. Харин нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны дөрөвдүгээр ээлж буюу 180 гаруй цэргийн алба хаагч өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн юм.

Сүүлчийн буюу тавдугаар ээлж энэ сарын 15-нд эх орондоо ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top